Нийслэл хотын, зам талбайн цэвэрлэгээтэй холбоотой өвлийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан гэж мэдээллээ.
Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба гарагт нийслэл хотод бага хэмжээний цас орох тухай мэдээллийг Цаг уурын байгууллагаас ирүүлээд байна.
Одоогийн байдлаар талбайн үйлчлэгч, цас цэвэрлэгээний бэлтгэл бүрэн хангагдсан. Өмнөх аравдугаар сарын 15-16-нд орсон цаснаар 680 тонн давс, 230 тонн бодис, 30 тонн хайрга дайргыг зарцуулсан бол 7100 тонн давс, 7500 тонн бодис, 1300 метр куб.хайрга, дайргын нөөц үлдсэн.
Энэ жил парк шинэчлэл хийснээр зам талбай дээр ажиллаж байгаа ажилчдын гарыг амраах, хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа юм. Парк шинэчлэлээр олгосон тоног төхөөрөмжийн эргэн төлөлтөөр төвлөрсөн мөнгөөр гар шүүр, цас, навч үлээгч худалдаж авахаар бэлтгэл хангаж байна.
Зам талбайн шүүртэй машин, цас хусагч машин, вакум үлээгч, угаагч, хайс, хашлага угаагч бичил тоноглолууд, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнээс гадна ТҮК-үүдэд кран, ковш, экскаватор зэрэг шаардлагатай техникүүдийг эрэмбэлж, худалдаж авч өгнө” гэлээ.
Мөн тэрбээр гудамж, зам талбайд үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, ААН-үүд орчны 50 метрийн цэвэрлэгээ хийж, үүдэндээ халтирахаас хамгаалсан наалт наахыг уриаллаа. Өнгөрсөн онд нэг өдөрт халтирч унаснаас 103 хүн бэртсэн тохиолдол ГССҮТ-д бүртгэгджээ.






