Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын байгууллага 2026 онд 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс 6.5 их наяд төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжийн зардалд зарцуулж, иргэд, даатгуулагч болон тэтгэвэр, тэтгэмж авагчдад олгох юм.
Төсвийн бүтцээр авч үзвэл нийгмийн даатгалын сангийн орлогын дийлэнх хувийг тэтгэврийн даатгалын шимтгэл бүрдүүлж байгаа бол зарлагын үндсэн хэсэг нь өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, түүнчлэн жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн зэрэг тэтгэмжүүдэд чиглэж байна.
2026 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд нь бүрэн олгох, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарах аж.
Нийгмийн даатгалын байгууллага нь хуульд заасан чиг үүргийн дагуу орлого төвлөрүүлэлт, зарцуулалтыг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлж, иргэдийн нийгмийн хамгааллыг баталгаажуулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.







