Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн Хүннү дагуул хотыг нийслэлээс 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, нисэх буудлын орчмын 315 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд зорчигчдод зориулсан олон улсын стандартад нийцсэн транзит зочид буудал барихаар төлөвлөжээ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 2025 онд нийт 45 мянган транзит зорчигч хүлээн авчээ.
Тус транзит зочид буудлыг нийт 3.3 га талбайд барихаар төлөвлөж, худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий иж бүрэн төлөвлөлттэй, 25 мянган м.кв талбайд таван давхар барилга барихаар зураг төслийг боловсруулжээ. Мөн зочид буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай 350 метр урт бүхий хоолойгоор холбож, зорчигчдыг шууд хүлээн авах зохион байгуулалт хийх юм байна.
“Дагуул хотын хүрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, олон улсын эвент, арга хэмжээ, үзэсгэлэн, дата төв, мэдээлэл технологийн кластер зэрэг бүсчлэлийг хөгжүүлнэ. Ингэснээр нисэх буудлыг даган бий болдог төрөл бүрийн үйлчилгээ, бизнесийн экосистемийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэж Хүннү хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр тодотголоо. Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд давхардсан тоогоор 2000 гаруй хүн ажиллаж байгаа тул ажиллагсдад зориулсан орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага тулгарчээ.






