Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлээр таваас дээш орон сууц авч давуу эрх эдэлсэн 12 мянган иргэн бий
-Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлттэй зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх эдэлсэн иргэн байгаа гэсэн мэдээлэл байна.
Жишээ нь зээл авсан иргэдийн тоо 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны 9-р сард 4.9 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт гаралгүй царцчихсан. Өнөөдөр ч гэсэн ипотекийн зээлд хамрагдахыг хүссэн иргэд арилжааны банкуудын хоёр жилийн хүлээлгэд ороод байна. Зах зээл дээр байрны эрэлт, нийлүүлэлт нэмэгдсээр байгаа энэ үед арилжааны банкууд уг зээлийг олдошгүй зүйл болгоод байгаа нь үнэн. Яг өнөөдрийн хэрэгжиж буй ипотекийн журмын хүрээнд, иргэний зээлийн мэдээлэл, өр орлогын харьцааг үндэслэж байж олгодог учраас зээл давхардуулж олгох боломжгүй юм.
Орон сууцны зээлийн гол зорилт нь нийгмийн зорилтот бүлгүүд рүү чиглэж, боломжийн хүү, урьдчилгаатайгаар иргэдийг орон сууцтай болгох зорилготойгоор анх хэрэгжиж эхэлсэн. Гэтэл өнөөдөр уг зээл анхдагч энэ зорилгодоо хүрч чадаж байна уу гэдэг асуудал хөндөгдөж байна.
Өөрөөр хэлбэл зээлд хамрагдахгүйгээр худалдан авах боломжтой иргэн хэд хэдэн орон сууцны урьдчилгаа төлөх байдлаар ипотекийн зээлд хамрагдаж үл хөдлөх хөрөнгүүдтэй болсон бол энэ нь тус зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй байх нөхцлийг арилжааны банкууд бүрдүүлсэн болж таарч байна.






