АТГ-аас гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох авлигын хэргүүдийг шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гаалийн 40 байцаагч, 31 итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нийт 71 хүнийг яллагдагчаар татжээ. Тэднийг хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан, өгсөн болон мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн шалгасан байна.
Одоогоор шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн хүрээнд гаалийн долоон байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял оноожээ. Мөн хахууль өгсөн зургаан хүнийг тус бүр 2.7 сая төгрөгөөр, нэг хүнийг дөрвөн сая төгрөгөөр торгосон байна.
Үлдсэн хэргүүдийн заримыг прокурор хянаж байгаа бол дөрвөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.






