Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын ойролцоох Соннам хотод өнөөдөр (2026.11.11) автобус 32 тээврийн хэрэгсэл мөргөж, 57 хүн гэмтжээ.
Осол өглөөний ажил эхлэх үеийн замын хөдөлгөөний ачаалалтай цагаар гарсан байна. Автобус гэрлэн дохион дээр зогсож байсан суудлын автомашинууд, ачааны машин болон өөр 4 автобусыг дараалан мөргөжээ.
Кёнги мужийн Гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр гэмтсэн 57 хүний 9-ийнх нь биеийн байдал хүнд байгаа ч амь насанд нь аюул учраагүй байна.
Автобусны жолооч 60 орчим настай эрэгтэй бөгөөд ослын дараа цагдаад мэдүүлэг өгөхдөө тоормос нь ажиллахаа больсон гэжээ. Түүнээс авсан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Автобус олон тээврийн хэрэгсэл мөргөсний дараа замын голын тусгаарлах зурвасыг мөргөж зогсжээ.
Ослын газарт гал түймэр, аврах албаны олон арван ажилтан очиж, эмнэлгийн яаралтай тусламжийн цэг байгуулсан байна.
Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байгаа бөгөөд жолоочийн мэдүүлсэн тоормосны гэмтэл батлагдаагүй байна.






