“Сэтгэцийн эрүүл мэнд 2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал өчигдөр (2025.09.29) болжээ. Дөрөв дэх удаагийн хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд;
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх
Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд
Тархи судлал
Сэтгэцийн эмгэг судлал
Нийгмийн эрүүл мэнд сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.
Эрүүл мэндийн Ж.Чинбүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, Би өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцоод ирлээ.
Тэнд яригдсан гол зүйл бол “ХАЛДВАРТ БУС ӨВЧИН + СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД” гэсэн сэдвийг онцгойлон гол сэдэв болгож ярьсан явдал байв. Чуулганы санал шүүмжлэлд Монгол Улс, эрүүл мэндийн салбараа төлөөлөн оролцож, ярьсан зүйлүүдээс тодотгон хэлье.
Нэгт. Халдварт бус өвчин буюу даралт ихсэлт, хорт хавдар, чихрийн шижин зэрэг бие махбодын өвчнөөс гадна сэтгэцийн эрүүл мэнд нь чухал сэдэв болсон. Сэтгэцийн эрүүл мэндийг халдварт бус өвчний хөтөлбөрт оруулж баталгаажуулах нь чухал бөгөөд анхаарал хандуулах шаардлагатай;
Хоёрт. Хэмжих хэмжүүртэй байх. Тухайлбал 2030 он хүртэл халдварт бус өвчин түүний дотор сэтгэцийн эрүүл мэндээс шалтгаалсан нас баралтыг 1/3-ээр бууруулах зэрэг том зорилт тавих талаар хөндөв;
Гуравт. Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авах хандлагыг нэмэгдүүлэх зорилтыг тусгаж, сая сая хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг анхан шатны үйлчилгээн дээр авч чаддаг байх;
Дөрөвт. Төр засаг, олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцоллоо. Нээлттэй мэдээлэл, тоон үзүүлэлт, хяналт хариуцлагыг тусгайлан онцлов;
Тавд. Эрх тэгш байдал, уялдаатай бодлого чиглэл сэдвийн дор эмзэг бүлгийн хүмүүстээ онцгой анхаарч, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой ялгаварлан гадуурхалтыг бууруулах тухай ярив;
Зургаад. Хамгийн чухал зүйл нь санхүүжилт. Үүн дээр улс орнууд анхаарч, хөрөнгө оруулалтуудыг нэмэх, төсвөөсөө санхүүжилтийг нэмж өгөх нь чухал гэдгийг ярив.
Эрүүл мэндийн сайдын хувьд Монгол Улсад Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн чухал зүйл юу болохыг тодорхойлсон. Үүнд, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль 2000 онд батлагдсан байдаг. Энэ хуулийг шинэчлэх шаардлагатай нь харагдаж байна.
Мөн насжилт нэмэгдэж байгаатай холбоотой үндэсний төлөвлөгөөтэй болох хэрэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийг халдварт бус өвчний Үндэсний стратегид оруулж, дэмжихүйц тогтолцоог бий болгох хэрэгтэй юм. Мөн өрх, сумын эмнэлгүүдэд mhGAP модулийг нутагшуулах.
Үүнд сэтгэцийн хямрал, сэтгэцийн эмгэг, хүүхдийн хөгжлийн хоцрогдол зэргийг тусгаж өгөх нь чухал. Сэтгэцийн эрүүл мэндийн оношилгоо, зөвлөгөө, эмчилгээний энгийн протоколыг өрхийн эмч сувилагчдаа шинээр сургаж ойлгуулах явдал нь үнэхээр чухал гэдгийг онцолъё.
Өнөөдрийн хурлаар амиа хорлолтын асуудлыг хөндөж буйд баярлалаа. Гарсан уршгийг ярих бус үүнийг үүсгэж буй шалтгаануудыг ярьж, Үндэсний хөтөлбөр гаргахад эрдэм мэдлэгээ уралдуулж, цаашид авах арга хэмжээ, амиа хорлолтоос сэргийлэх чиглэлд юу хийх ёстой, ямар хөтөлбөртэй болох тухайгаа хэлэлцэж дүгнэлт гаргана гэдэгт итгэж байна” хэмээв.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам






