Нидерланд улсад түүхэндээ анх удаа хоёр хүртэлх насны хүүхдийг хуулийн дагуу эвтаназид оруулсан нь тус улсын амьдралыг дуусгавар болгох журмыг 12-оос доош насны хүүхдүүдэд өргөжүүлснээс хойшх анхны тохиолдол болон тэмдэглэгдэн, олон нийтийн анхаарлыг татаж байна.
Уг тохиолдол нь 26 долоо хоногтойдоо дутуу төрж, тархины буцашгүй хүнд гэмтэл, тархины саажилт, болон эмчлэхэд нэн түвэгтэй уналт таталтын эмгэгтэй (эпилепси) тулгарсан хоёр орчим настай хүүхдэд хамаарах юм.
Тогтмол таталт өгөх, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг тасралтгүй физиологийн зовлон шаналалтай тулгарсан тул клиник зөвлөгөөнүүдийн дараа хүүхдийн эцэг эх амьдралыг нь эмнэлгийн аргаар дуусгавар болгох хүсэлт гаргажээ.
Бие даасан зарим мэргэжилтнүүд эхэндээ хөнгөвчлөх эмчилгээний бусад хувилбарыг санал болгон татгалзаж байсан ч, дараагийн нарийвчилсан үнэлгээнүүдээр нэмэлт эмчилгээнүүд нь гаж нөлөөний улмаас хүүхдийн зовлонг улам бүр гүнзгийрүүлж, сайжрах найдваргагүй болохыг баталсан байна.
Нидерландын Засгийн газрын тусгай хороо болон Прокурорын байгууллагаас хэргийг иж бүрэн хянан үзсэний эцэст эмчлэгч эмчийг 2024 онд батлагдсан чанд дүрмийн дагуу эмнэлгийн зохих тусламж, үйлчилгээний шаардлагад нийцүүлэн ажилласан гэж үзэж цагаатгажээ.
Энэхүү тохиолдол нь Нидерланд улсыг зэргэлдээх Бельги улсын нэгэн адил эмчилгээгүй өвчинд нэрвэгдсэн бүх насны насанд хүрээгүй хүүхдүүдэд заавал мөрдөх журмын дагуу эвтанази хийхийг хуулиар зөвшөөрсөн цөөн хэдэн орны нэг болгож байна.
Энэхүү эрх зүйн орчинг дэмжигчид гарах гарцгүй эмгэнэлтэй тулгарсан гэр бүлүүдэд зориулсан энэрэнгүй, эцсийн сонголт гэж үзэж байгаа ч, хүүхдийн зөвшөөрлийн ёс зүй болон амьдралыг төрийн оролцоотойгоор дуусгавар болгох заасны хязгаарлалтын талаарх дэлхий нийтийн ширүүн мэтгэлцээнийг дахин өрнүүллээ.
Эх сурвалж: CBS News. (2026). Severely disabled toddler euthanized in the Netherlands under new rules on the controversial practice. Эх сурвалж:Доктор Бадарч Жаргалсайхан





