Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, даатгуулагчид чанартай тусламж, үйлчилгээг хүргэх, эрх ашгийг хамгаалах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус газар дээрх хяналт шалгалтыг хийн ажилладаг.
2025 оны 3 дугаар улирлын байдлаар 30 лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага, 19 эмийн санд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийжээ. Даатгуулагчийн гомдол, мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 13 лавлагаа шатлалын байгууллага, 2 эмийн санд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийгээд байна.
Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн төлөвлөгөөт хяналт, шалтгалтаар тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах хүний нөөц болон тоног төхөөрөмжийн шаардлага хангалтгүй, нөөц хангалтгүй болсон тухайгаа гэрээний үүргийн дагуу мэдэгдэлгүй, даатгуулагчын хэвтэн эмчлүүлж байх хугацаанд гаднаас эм тариа, эмнэлгийн хэрэгсэл өөрийн зардлаар авхуулсан, ЭМДҮЗ-ийн тогтоол, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээнд зааснаас өөрөөр нэмэлт төлбөр авсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Эмийн сангуудад хийсэн хяналт, шалгалтаар тусгай зөвшөөрөл дээрх хаяг байршилдаа үйл ажиллагаагаа явуулаагүй, даатгалаар хөнгөлөх эмийн нөөц хангалтгүй, “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS 5260:2015 стандартын дагуу хүний нөөцийг бүрдүүлээгүй, эмийн сангийн нөөцийн өрөөний хаягжилт хангалтгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн бол нэр бүхий эмийн сангуудад хуурамч нэхэмжлэл илгээн даатгалын сангаас 56,539,431 төгрөгийн санхүүжилт авсан, хөнгөлөлттэй эмийн оронд ижил үйлчилгээтэй гэх сүлжээний бүтээгдэхүүн орлуулан өгсөн зэрэг зөрчил илэрч холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад Улсын байцаагчийн зөвлөмж-12, Улсын байцаагчийн албан шаардлага-9 хүргүүлж, 7 эрүүл мэндийн байгууллагын гэрээг хэсэгчлэн түдгэлзүүлэх, 6 эмийн сангийн гэрээг цуцлах, ЭМДҮЗ-ийн тогтоол, гэрээнд зааснаас өөрөөр нэмэлтээр авсан 2,003,800 төгрөгийг иргэдэд буцаан төлүүлэх зэрэг холбогдох арга хэмжээг авч байна.
Эрүүл мэндийн даатгалын санг хохироосон нөхөн төлбөрийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудаар даатгалын санд эргэн төлүүлэх ажлыг Зөрчлийн тухай хууль, Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гүйцэтгэж байгаа гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.






