Ажилтнууд “идэвхгүй” болж, ажил солих хүсэл нэмэгдэж байна
-Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ажилтнуудын сэтгэлзүй, ажлын хандлага мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгааг олон улсын судалгаанууд харуулж байна. Ажилтнууд ажил солих хүсэлтэй ч бодит алхам хийхдээ эргэлзээтэй, идэвх сул болсон “хүлээлтийн байдал” давамгайлах болжээ. Олон улсын судалгааны байгууллага болох Gallup-ын 2024 оны тайланд дурдсанаар дэлхий даяарх ажилтнуудын идэвх оролцоо ердөө 21%-д хүрч, сүүлийн арван жилийн хамгийн доод түвшинд ойртсон байна. Мөн энэ үзүүлэлт буурснаас шалтгаалан дэлхийн эдийн засагт 400 гаруй тэрбум ам.долларын бүтээмжийн алдагдал үүссэн гэж тооцоолжээ.
Үүнтэй зэрэгцэн ажилтнуудын дунд “ажил солих хүсэл” өндөр хэвээр байна..
PwC-ийн дэлхийн судалгаагаар 2024 онд ажилтнуудын 28% нь ойрын 12 сарын дотор ажлаа солих магадлалтай гэж хариулсан нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт юм. Гэвч эдийн засгийн тодорхойгүй байдал, зах зээлийн эрсдэлээс шалтгаалан хүмүүс бодитоор ажлаа солихоос илүү “хүлээж ажиглах” хандлагатай болж, үүнийг судлаачид “ажлаас сэтгэл хөндийрөх” үзэгдэл гэж тодорхойлж байна. Мөн ажлын байр дахь технологийн өөрчлөлт, ялангуяа хиймэл оюун ухаан (AI)-ийн нөлөө нэмэгдэж байгаа нь ажилтнуудын сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж байна. Судалгаагаар 2025 он гэхэд ажилтнуудын 45% нь AI-г ажилдаа тодорхой хэмжээнд ашиглаж эхэлсэн бөгөөд энэ нь ажлын байрны бүтэц, ур чадварын шаардлагыг өөрчилсөн.
Судлаачид энэ бүх өөрчлөлт нь дараах 3 гол хүчин зүйлтэй холбоотой гэж үзэж байна: • Эдийн засгийн тодорхойгүй байдал
• AI ба технологийн хурдацтай хөгжил
• Ажлын утга учир, сэтгэл ханамжийн бууралт
Ялангуяа залуу үе болох Gen Z болон millennial ажилтнуудын дунд ажлын идэвх, байгууллагад итгэх итгэл илүү буурч байгаа нь онцгой анхаарал татаж байна. Дүгнэж хэлбэл, өнөөгийн ажиллах хүч “ажлаа солих хүсэлтэй ч шийдвэр гаргахгүй”, “ажилдаа байгаа ч идэвхгүй” гэсэн шинэ үе шатанд шилжиж байгаа нь дэлхий нийтийн хөдөлмөрийн зах зээлийн томоохон өөрчлөлт болж байна.






