Боловсролын сайд Л.Энх-Амгалан нийслэлийн 23 дугаар сургуульд ажиллаж, бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчинтой танилцлаа.
Энэ үеэр 2026-2027 оны хичээлийн жилээс 1-р ангид шинэчилсэн сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тухай мэдэгдлээ.

Хөтөлбөрийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан, тоглонгоо суралцах арга зүйд тулгуурлан боловсруулсан байна. Ингэхдээ эхний нэг сард 1-р ангийн сурагчдыг сургуулийн орчинд дасгах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, 10-р сарын 1-ээс үндсэн хөтөлбөрийн агуулгаа судалж эхэлж байна.
Үүнтэй зэрэгцэн шинэчилсэн сурах бичгүүдийг сургуулиудад хүргэж эхэлжээ. Сурах бичгийн агуулга, бүтэц, дизайныг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн шинэчилснээс гадна хэмжээ, жинг нь багасгасан байна.
Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд хүүхэд төвтэй сургалтын орчныг бүрдүүлэх, сурагчдын ачааллыг бууруулах, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.







