
Камила Валиева зэрэг Оросын уран гулгалтын одод ирэх хавар ирж, “Степпе Арена”-д гулгах тухай мэдээлэл Монголын хэвлэлүүдээр тарсан. Тэгвэл энэ талаар Оросын нэгэн цахим хуудаснаа мэдээлжээ. Гэхдээ мэдээнд ихэвчлэн хөдөө нутгийн зураг шигтгэж, мөн 2021 онд л анхны битүү дээвэртэй өвлийн спортын ордонтой болсон, үүнээс өмнө дандаа задгай талбайд өвлийн цас, мөсний уралдаан тэмцээн нь болж байсан гэх мэтээр бичжээ. Нэг талаасаа үнэн боловч нөгөө талаасаа Монголыг нүүдэлчин, бүдүүлэг түмэн гэх утга нийтлэлдээ шингээж, анхаарал татах гэсэн нь илт.
Гэвч тэрхүү нийтлэлийн доорхи сэтгэгдлүүдэд Монголыг өмөөрсөн хандлага их байх аж. “Зохиогч нийтлэлдээ монголчуудыг одоо хүртэл тал нутагтаа гэрт амьдарч, морь унаж, шонхор шувуугаар ан хийж яваа мэт зургууд оруулжээ. Юун эзэрхэг ихэмсэг маягийн хандлага вэ? Монгол бол аялал жуулчлал сайн хөгжсөн, хөгжилтэй орон. Албадан дайчилгааны үед Оросын ард иргэдэд хэрхэн тусалсныг нь бүр хэлэх ч юм биш! Гэвч оросууд дандаа ингэж байх юм ****” гэж Дамир Дугаров гэх хэрэглэгч сэтгэгдэлдээ тэмдэглэжээ.
Иван Петров гэх хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэл харин нэлээн урт. Тэр ингэж бичжээ. “Монголд битүү дээвэртэй ганц мөсөн ордон байдаг гэв үү? Тэглээ гээд яадаг юм? Энэ нийтлэлийг бичигч хэрвээ Монголчууд байгаагүйсэн бол өөрөө, зөвхөн өөрөө ч бус бид бүгдээрээ энэ хорвоод мэндлэх ч үгүй байсныг яагаад дурссангүй вэ? Бидний энэ амьдрал, эрх чөлөөг чинь Монголчууд өгсөн юм шүү. 1941 оны 6-р сарын 22-нд Монголын тал ЗХУ-д туслах шийдвэр гаргасан юм. Аугаа эх орны дайнд бид ялалт байгуулсанд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмний ач тус маш их. Эх орны дайны туршид Монголоос фронт руу хүнсний бүтээгдэхүүн, морь илгээж, танк, онгоц хийх мөнгийг өгч байлаа. ЗХУ-д 500 мянган монгол морио өгсөн юм. Монголын жирийн иргэд малчид сайн дурын тусламж болгон 32 мянган морио бэлэглэж байлаа. Улаан армийн таван морь тутмын нэг нь монгол морь байсан юм шүү. 1941 оны аравдугаар сард Зөвлөлтөд Монголын хүнсний бүтээгдэхүүн, хувцас хунарын эхний шатны тусламж ирсэн. Дайны он жилүүдэд Монголоос 500 мянган тонн мах нийлүүлсэн юм. 1941 онд л гэхэд 140 вагон янз бүрийн бэлэг, тусламж Зөвлөлийн байлдагчдад ирж байлаа. Мэргэжилтнүүдийн тогтоосноор АНУ-аас олгосон лэнд-лизээс ч илүү их арьс үс, махыг Монгол нийлүүлсэн байдаг.
1942 онд Монголын талаас илгээсэн тусламжийн жагсаалтыг харуулья. “Үстэй цув – 30 115 ширхэг, эсгий гутал – 30 500 хос, үстэй бээлий – 31 357 хос, үстэй хантааз – 31 090 ширхэг, цэргийн бүс – 33 300 ширхэг, ноосон цамц – 2 290 ширхэг, зузаан хөнжил 2 011 ширхэг, жимсний чанамал – 12 954 ширхэг, мах 316 000 кг, тусдаа илгээмж – 22 176 ширхэг, хиам 84 800 кг, масло – 92 000 кг” гэж 1971 онд нийтлэгдсэн Монгол Ардын Эскадриль номд тэмдэглэсэн байна. Энэ бол тусламжийн нэг л цувааны дүн. Гэтэл ийм тусламжийн цуваа хэдэн арваараа ирсэн юм шүү!
1944 онд манай улсын хэд хэдэн бүс нутагт өлсгөлөн нүүрлэхэд монголчууд л хүнсний бүтээгдэхүүнээрээ тусалж байлаа. Америкийн нөөшилсөн мах фронтод маш ховор үзэгддэг байсан болохоор хүмүүс их сайн тогтоож авсанаас биш өдөр тутмын махны хэрэглээгээ бид монгол малын махаар болгож байлаа. Хэрвээ Монголын ард түмний энэ тусламж байгаагүйсэн бол ЗХУ иргэдээ яаж өл залгуулах байсныг хэлж ч мэдэхгүй юм. Монголын илгээсэн мөнгөөр 53 танк хийсэн байдаг. Үүний 32 нь Т-34 шүү. Энэ танк дээр Сүхбаатар болон Монголын бусад баатруудын нэрс бичээстэй байлаа. Энэ танкны ихэнх нь Берлин хүрч чадсан. Зөвлөлтийн агаарын цэргийн хүчинд “Монгол ард” агаарын нисэх онгоцны эскадриль өгч байлаа. Монголчууд зөвхөн бараа бүтээгдэхүүнээр ч бус бас олон зүйлээр бидэнд тусалсан. Монголын хэдэн мянган сайн дурын цэргүүд Улаан армид албан хаан байлдсан юм. Морь унах, ан агнах чадвараа тэд тагнуул, мэргэн буучдын хороонд алба хааж ашиглаж байлаа. 1945 оны наймдугаар сард Улаан армитай Монголын арми нэгдэн Японыг бүрмөсөн үлдэн хөөх дайнд орсон. Алс Дорнод дахь дайнд оролцсон 10 байлдагч тутмын нэг нь монгол байсан юм шүү. Дайнаас хойш ЗХУ 60 жилийн турш, дараа нь ОХУ болсныхоо дараа ч гэсэн АНУ-ын дайны үеэр өгсөн бараа бүтээгдэхүүний лэнд-лизийг төлсөөр ирсэн. Харин монголчууд тэр хэцүү цагт үнэгүй тусалсан юм аа!” хэмээн Иван Петров бичжээ.
Эх сурвалж : Р.Гэгээ






