Монгол Улсын иргэд гадаадад болон орон нутгийн алслагдсан бүсэд амьдарч байгаа тохиолдолд нотариатын зарим үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр авах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хуулийн төсөлд гэрээ, хэлцэл, итгэмжлэл болон гарын үсгийн үнэн зөвийг цахим орчинд зайнаас гэрчлэх зохицуулалт тусгажээ. Харин гэрээслэл, өв залгамжлал, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой нотариатын үйлдлийг цахимаар хийхгүй байхаар тусгасан байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан зэрэг зорилтот бүлгийн хүмүүст нотариатын зарим үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, зарим гэмт хэргийн хохирогч болон төлбөрийн чадваргүй иргэдийг хууль зүйн туслалцаа авахтай холбоотой нотариатын тодорхой үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөхөөр тусгасан байна.
Хуулийн төсөл УИХ-аар батлагдсан тохиолдолд иргэд нотариатын зарим үйлчилгээг оршин суугаа газраасаа цахимаар авах боломжтой болох юм.






