Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.29/ хуралдаан 12 цаг 57 минутад гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.
Засгий газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр хуралдаан эхэллээ.
Төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, төрийн албаны реформын хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж буйтай холбоотойгоор шүүх болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд үүсэж буй нөхцөл байдал, үүдэх үр дагаврын талаар тодруулав.
Үндсэн хууль дахь шүүх үйл ажиллагааг хэвийн явуулах эдийн засгийн баталгааг хангах зарчмыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнхцэцэг хариултынхаа эхэнд дурдаад, ирэх жилийн төсөв 2025 оны батлагдсан төсвөөс 29.8 хувиар буурсан. Урсгал зардал 13.2 хувь, 2025 оны тодотголоос 16.2 хувь, Хууль зүйн байнгын хорооны хянасан төсвийн төслөөс 60 хувь буурч төлөвлөгдсөн гэдэг тооцоолол танилцууллаа. Мөн шүүгчийн орон тоо 699 хэдий ч 517 шүүгч ажиллаж байгаагаас нэг шүүгчид оногдох ачаалал харьцангуй өндөр учраас зохих урамшууллыг олгодог болсон талаар тайлбарлав. Шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс удаа дараа зохион байгуулсан ч бүр орон тоог бүрэн нөхөж чадахгүй байгаа шалтгааныг Н.Мөнгөнцэцэг дарга дэлгэрэнгүй тайлбарлаад “Бид есөн удаагийн сонгон шалгаруулалтын үр дүнд 117 шүүгчийг томилсон. Энэ онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа. Шинээр томилогдох Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулахтай холбоотой бодлогын өөрчлөлт хийж, одоо байгаа сул орон тоог нөхөх бол төлөвлөгдөж буй төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжгүй” гэв. Батлагдсан бодлогын баримт бичгийн дагуу нийтдээ 136 орон тоог цомхотгох тооцоолол гарч байгаа, харин Монгол Улсын шүүхийн тухай хууль болон холбогдох журам, зохицуулалтын хүрээнд төрийн захиргааны 20, төрийн үйлчилгээний 80 гаруй орон тоо цомхотгох боломжтой байгаа талаар танилцуулсан.
Л.Мөнхбаатар сайд П.Сайнзориг гишүүний асуултад хариулахдаа “Манай салбарын хэмжээнд 1000 орон тоо буюу 92.7 тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэгдэх тооцоололтой. Хөрөнгө оруулалтын зардлаас 3.8 тэрбум төгрөг хасагдсан. Нийтдээ 101 тэрбум төгрөгийн зардал хасагдсан. 1000 орон тоо гэдэг салбарын хувьд том орон зай, гэхдээ эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад төсөвт хэмнэлт хийх бодлогын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэлээ. Цаашид байгаа хүчин чадлынхаа хэрээр салбарын хэмжээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын төлөө ажиллах хэдий ч шинэ чиг үүрэг Хар тамхитай тэмцэх газар байгуулсан, тодорхой объектуудыг шинээр хамгаалалтад авах гэх зэрэг үүрэг, чиглэл, бүтэц нэмэгдэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй талаар хэллээ.
Ийнхүү Хууль зүйн байнгын хороон эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авав. Байнгын хорооны гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.






