Өнөөдрийн /2025.10.08/ чуулганы хуралдаанаас УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дараах байр суурийг хүргэлээ. Үндсэн хууль болон чуулганы дэгийн хүрээнд Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын асуудалтай холбоотой тайлбар хийлээ. Тэрбээр “Ерөнхий сайдын асуудал нь Үндсэн хуулиар хугацаа зааж, үүрэг өгсөн байдаг. Энэ асуудал Тамгын газраар орж ирэх ёсгүй, УИХ-аар орж ирэх ёстой” гэдгийг онцлов.
Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг зөвхөн Цэц эсвэл Улсын Ерөнхий прокурор Их хуралд оруулж ирэх эрхтэй бөгөөд Тамгын газарт ийм бүрэн эрх байхгүй гэдгийг тодотгов. Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу: УИХ-ын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий прокурор, Цэцийн гишүүний томилгоотой асуудлыг тодорхой журмаар хэлэлцдэг, Гишүүд Үндсэн хуулийг илтэд зөрчсөнөөс бусад тохиолдолд хуралдаандаа заавал суух үүрэгтэй, хурлаа орхиж гарахыг хориглодог болохыг онцоллоо.
Б.Баасандорж мөн “Хууль зүй, дотоод хэргийн сайдын асуудал товд орсон бөгөөд энэ долоо хоногийн баасан гарагийн эхний асуудлаар чуулганаар хэлэлцэнэ” хэмээн мэдэгдэв. Тэрбээр Засгийн газрын гишүүн аливаа асуудал нь чуулган болон байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа тохиолдолд заавал оролцох үүрэгтэй гэдгийг хуульд тулгуурлан тайлбарлав. Мөн Үндсэн хуулийн 43.1 дэх заалтын дагуу 32-оос дээш гишүүний гарын үсэг байвал тухайн асуудлыг хэлэлцэх шаардлага хангагддаг бөгөөд одоогоор П.Сайнзориг тэргүүтэй 50 гаруй гишүүний гарын үсэг цуглаад байгааг дурдлаа.






