Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т өнөөдрийн байдлаар 1935 инженер техникийн ажилтан, албан хаагч ажилладаг.
2024 оны нийт гүйцэтгэлээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженер техникийн ажилчид сард дунджаар 2 сая 37 мянган төгрөгийн цалинтай. Харин ээлжийн ажилчдын цалин сард 930 мянган төгрөг байсан.
Тэгвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үүрэг болгож, бусад холбогдох тогтоол, шийдвэрийн дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3 сая 319 мянган төгрөгт хүргэж, нийт ажилчдын үндсэн цалинг 50-60 хувиар нэмэгдүүлж байна.
Ингэснээр цалингийн сан 70 орчим хувиар нэмэгдэж байгаа юм. Тодруулбал, цалингийн сан 2024 онд 47.3 тэрбум төгрөг байсан бол нийт ажилчдын цалин нэмэгдсэнээр цалингийн сан 2025 онд 61.9 тэрбум төгрөг, 2026 онд 80 тэрбум төгрөг болж өсөх төлөвтэй байна.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэр “Нийслэлийн удирдлагын зүгээс манай байгууллагын ажилчдын цалинг нэмэхэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй 2025 онд ажилчдын хоол унааны мөнгөний дэмжлэгийг 4000 төгрөг байсныг 20 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн.
Шугам сүлжээ шинэчлэх ажлын хүрээнд 15.4 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн. Мөн эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг дулааны үнэ тарифыг 39.2 хувиар бууруулж батлуулсан. Ингэснээр дулааны үнэ тарифын цэвэр орлогын хэмжээг 10 орчим тэрбумаар нэмэгдүүлсэн” гэв.
Цаашид ч орон сууц нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих ажил үргэлжлэх аж.
Эх сурвалж:Gogo.mn






