Хүний нөөц, технологи ба бүтээмжийг ярилцах өдөр буюу “HR Day 2025” Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн”-ийг энэ жил “Symbiosis of Human and Al” буюу “Хүн ба хиймэл оюуны харилцан хамаарал” сэдвийн дор Монголын хүний хөгжлийн консорциум, Zangia.mn болон ЦойлогсоZ залуусын нэгдэлтэй хамтран 10 сарын 13-ны өдөр M Bank Arena-д зохион байгуулах гэж байна.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус арга хэмжээгээр энэ жил хиймэл оюун ба хүний чадамжийн уялдаа, технологи болон бүтээмж, хөдөлмөрийн ирээдүй, чадварын хувьсал зэрэг сэдвийг хэлэлцэхээрээ онцлогтой болох аж.
Монголын хүний хөгжлийн консорциумын тэргүүн Г.Тэгшбүрэн, “Хүний нөөцийн дутагдлын асуудлаар Монголд янз бүрийн судалгаа хийдэг. Бидний харж байгаагаар хүний нөөцийн дутагдал гэхээс илүү ажил хайгчид, ажил олгогчийн шаардлага хоёрын хооронд нийц, тохироо сайн таардаггүй юм шиг байгаа юм.
Жишээ нь, идэвхтэй ажил хайгч буюу 100 мянга орчим хүн хөдөлмөрийн зах зээл дээр бий. Харин бизнесийн байгууллагуудын жилийн хэрэгцээ 80-90 мянган хүн. Тоон талаас нь харахад ойролцоо мэт боловч бодит амьдрал дээр яагаад зөрөөд байна вэ гэвэл мэргэжлийн онцлог, ажил олгогчийн тавьж байгаа шаардлага, ажил хайгчийн ур чадвар хоёр таардаггүй. Тэгээд л хүмүүс хүний нөөцийн хомсдол үүссэн гэж ойлгодог.
Энийг шийдэх олон арга бий. Жишээлбэл, энэ жил бид нарын ярьж байгаа нэг гол сэдэв бол хиймэл оюун ухаан, технологийн шийдэл. Программ, бот, манипулятор гээд хүний хүчин зүйлээс хамаарал багасгах технологиудыг ашиглаад, цөөн хүн ажиллаж ихэнх ажлыг технологиор шийдэх шийдлийг дэлхий нийт хайж байна. Монголчууд ч бас энэ чиглэлд эрэл хайгуул хийж буй. Гэхдээ энэ бол цор ганц шийдэл нь биш.
Өөр нэг том шийдэл бол боловсрол. Тиймээс боловсролын системээ зөв хийх хэрэгтэй. Ойрын 5, 10 жилд ямар мэргэжил хэрэгтэй болохыг тодорхойлсон хүний нөөцийн төлөвлөлт хийж, үүнийхээ дагуу сургуулиудад захиалга өгч боловсон хүчнийг бэлтгэх ёстой. Зарим улс орон захиалгаар мэргэжилтэн бэлтгэдэг системтэй. Монгол ч энэ тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй.
Нөгөө талаасаа хөдөлмөрийн оролцооны коэффициент чухал. Хөгжингүй орнуудад 75 хувь орчим байхад манайд 60 хувь орчим байна. Энэ чинь эдийн засагт орж байгаа өгөөжийг илэрхийлдэг. Тэгэхээр үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Бас нэг сонин зүйл нь байгууллагын байршил хүний нөөцийн олдоц, тогтвор суурьшилд их нөлөөлдөг. Судалгаагаар ажилтнууддаа ойрхон байрласан байгууллагад бүрдүүлэлт өндөр, эргэлт хөдөлгөөн бага байсан. Харин өөр газар нүүхэд бүрдүүлэлт 85 хувиас 60-65 хувь хүртэл унаж, хөдөлгөөнт чанар 4-5 хувиас 10 хувь болж нэмэгдсэн жишээ байна. Энэ нь хүний нөөц байхгүйдээ биш, харин менежмент, байршил, бодлогоос хамаарч байна гэдгийг харуулж байгаа юм.
Төрийн бодлого ч бас уялдаа холбоотой байх ёстой. Яам болгон тусдаа биш, бүгд нэг зорилгод нэгдэж ажиллах хэрэгтэй. Бүх яам Монгол хүнийг хөгжүүлж, ард түмнийг сайн сайхан байлгахын төлөө ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс бодлогын залгамж, нэгдсэн томьёолол зайлшгүй шаардлагатай.
Нөгөө талаасаа бүхнийг төрөөс хүлээгээд байж болохгүй. Бизнесийн байгууллага өөрөө хүний нөөцийн ухаалаг менежмент хэрэгжүүлэх ёстой. Жишээлбэл, “аз жаргалтай ажилтан” хөтөлбөр хэрэгжүүлэх, ажилтныхаа хэрэгцээ, хүсэлд нийцсэн бодлого явуулах юм.
Дэлхийн Банкны мэдээллээр Монголд 2024 онд 15-24 насныхны ажилгүйдлийн түвшин 13.8 хувь хүртэл өсжээ.
ЦойлогсоZ залуусын нэгдэлийн үүсгэн байгуулагч Б.Батзориг, “Монголд 15-34 насны залуучууд хөдөлмөрийн зах зээл болон эдийн засгийн идэвхтэй голлох хүн амыг эзэлж байна. Боловсролын байгууллага болон ажил олгогч, ажилд орж буй залуучуудын хүлээлт, ойлголтын зөрүү өндөр байна. Монгол залуучуудад боловсрол, хүний хөгжил болон хөдөлмөр эрхлэлт, бүтээмжтэй холбоотой асуудал нь хамгийн их тулгамдаж байна. Эх орондоо хөдөлмөрлөхөөс гадна олон улсын түвшинд өрсөлдөж буй энэ цаг үед Монгол залуучууд хаашаа чиглэж, яаж бүтээмжээ нэмэгдүүлэх вэ гэх цаг үетэй тулгараад байна” гэлээ.
Арга хэмжээ нь оюутан залуучуудад зориулсан хөтөлбөр, “Symbiosis of Human and Al” буюу технологи, хиймэл оюуны цогцлолын тухай ярилцана, хүний нөөцийн салбарынхан хоорондоо танилцах, хамтын ажиллагаа гэсэн гурван хэсэгтэй болох ба хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг HR DAY фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.
- Оюутнуудад зориулсан тасалбар 85 хувь хөнгөлөлттэй
- Орон нутгийн оролцогчдод 30 хувь,
- 5 хүний багц тасалбарт 5 хувь,
- 10 хүний багцад 10 хувь хөнгөлөлт тус тус олгох аж.






