Монголд эмэгтэйчүүдийн хавдар, тэр тусмаа умайн хүзүүн хорт хавдар болон хөхний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Харамсалтай нь Монгол Улс энэ төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх ажил дэлхийн түвшинд хүрэхгүй байна. Хүрэхгүй байгаа нэг шалтгаан нь нэгдүгээрт, өнгөрсөн хугацаанд манай улс эрт илрүүлж, оношилж чадахгүй байна. Оношилгооны чадвар муу гэсэн үг. Хоёрдугаарт, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг хожуу нэвтрүүлсэн.Вакцинжуулалтыг эрт хийж эхэлсэн бол умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, өвчлөл газар авахгүй байх боломжтой байсан.
Жил ирэх тусам тогтмол өсөж байсан умай хүзүүний хорт хавдар болон бусад таван төрлийн хавдраас сэргийлэх үндсэн арга нь вакцинжуулалт, дархлаажуулалтын тухай хуульдаа хүний папилома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад оруулсны ач холбогдол нь өнөөдөр өргөс авсан юм шиг мэдэгдэхгүй ч хэдэн жилийн дараа гарна. Хэрэв вакцинжуулалтдаа өргөн хүрээнд хамрагдвал үр дүнд хүрнэ. Гэтэл манайд хамрагдалт 30 гаруйхан хувьтай байна. Тэгэхээр вакцин хийлгээгүй 70 гаруй хувь нь хавдраар өвдөх эрсдэл өндөр гэсэн үг.
Мөн судалгаагаар 17 наснаас өмнө вакцин хийлгэсэн эмэгтэйчүүд умайн хүзүүн хорт хавдраар болон бусад хавдрын эрсдэл 88 хувиар буурсан байсан. Гэтэл 17 наснаас хойш буюу 23, 25 насандаа вакцин хийлгэсэн хүмүүст хавдрын эрсдэл 53 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, хоёр хүний нэгийг хавдраас хамгаалж байна гэсэн үг. Ийм үр дүн гарсан тул ХПВ-ийн эсрэг вакциныг аль болох эрт хийлгэх нь үр дүнтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Үүнийг нь баталж, араас нь Австрали, Англи зэрэг улсын судалгаанууд хэвлэгдэж, хэвлэгдэж гарсан. Австраличууд вакциныг эрт хийлгэвэл 96 хувь хамгаалж байна гэсэн үр дүнг танилцуулсан. Австрали улс хүүхдүүддээ 11 наснаас нь эхлэн ХПВ-ийн эсрэг вакциныг хийдэг. Вакцин хийлгэсний ач холбогдол нь ганц умайн хүзүүн хавдар биш, бэлгийн замын бусад халдварт өвчин, ам залгиурын хавдар, шодойн хавдар зэрэг зургаан төрлийн хавдраас хамгаална.
Нэг удаа вакцин хийлгэсэн байхад олон жилийн тогтоцтой, хамгаалах чадвар сайтай. ХПВ-ийн эсрэг вакциныг анх гурван тун тарьж байсан. Дараа нь хоёр тун, одоо бол нэг тун хийлгээд бүрэн хамгаалах дархлаа тогтоно.
Тиймээс бид бүхэн ирэйдүүд ээж болох охиноо, бэрээ хавдар өвчнөөс хамгаалж, түүнээс болж эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл зүйд тулгарах олон эрсдэлээс хамгаална. Миний ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байх 2025 оны эхний зургаан сард ийм тохиолдол гарсан. Хоёр эмэгтэйд жирэмсний хяналтаар умай хүзүүн хорт хавдар илрээгүй. Харин төрөх дөхсөн хойно нь буюу хожуу оношлогдсон. Манай эмнэлгүүд эрт илрүүлэг хийж чадаагүй гэсэн үг. Хэрэв жирэмсэн болсон даруйд нь эхний хяналтаар илрүүлсэн бол эх, хүүхэд хоёрын амийг аврах бололцоотой. Хожуу илэрсэн учраас эмнэлгийн заалтаар ээжийг нь аврах шийдвэр гарч байгаа юм. Ийм харамсалтай тохиолдлууд цөөнгүй байна.
Эрэгтэй хүмүүс ХПВ-ийн халдвар дамжуулагч болдог гэхдээ сүүлийн үед ХПВ-ийн шалтгаант халдварууд эрэгтэйчүүдэд ихсэж байна. Монголд шодойн хавдар жилд 7-8 бүртгэгдэж байна. Бэлгийн замаас гадна ам залгиураар дамжин улаан хоолой, толгой хүзүү, хошногоны хавдраар эрчүүд халдварлаж өвчилдөг. Умайн хүзүүн хорт хавдар өндөр хөгжсөн орнуудад маш бага. Аливаа өвчлөл 100 мянган хүн амд дөрөвт илэрч байвал тухайн өвчнийг дарсан гэж үздэг. Дэлхийн улс орнууд 2040 онд умайн хүзүүний хорт хавдрыг устгах зорилт тавьсан” гэж Хүний паптлома вирусийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд проффессор Н.Эрдэнэхүү мэдээлэл өглөө.






