Өнөөдрөөс яг 14 жилийн өмнө Филиппин улсын Нило Атиенза Монгол руу гэрийн үйлчлэгчээр ажиллахаар явсан эхнэр Террил Атиензагийнхаа цогцсыг хүлээж авчээ. Гэвч тэд нүдээрээ хараад итгэмгүй үнэнтэй тулжээ. Сингапур дахь хөдөлмөр зуучлалын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр түүний эхнэрийг хордлогоор нас барсан гэсэн ч үнэндээ биеэрээ дүүрэн хөхрөлт, шарх сорвитой, мөн түлэгдэлттэй байжээ.
Ингээд Филиппиндээ дахин задлан шинжилгээнд оруулахад хутгалуулсан төдийгүй зүрхийг нь авчихсан, бөөр нь байхгүй байжээ. Энэ тухай сэтгүүлч С.Будрагчаа өнгөрсөн 8 дугаар сард очиж сурвалжлан, олны сонорт хүргэснээр Террил Атиензагийн нөхөр Нило Атиенза хоёр охиныхоо хамт монголчуудын дэмжлэгээр хэргийг нь дахин шалгаж өгөх хүсэлтийг тавихаар манай улсад өнөөдөр ирлээ.
Тэрээр Чингис хаан нисэх онгоцны буудалд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ “Миний эхнэр хэзээ ч амиа хорлох хүн биш, анхны дүгнэлтээр амиа хорлосон гэсэн, мөн хордож нас барсан гэсэн. Бид 14 жилийн өмнөх яг энэ өдөр Филиппинд эхнэрийнхээ, ээжийнхээ цогцсыг хүлээж аваад нүдэндээ итгэмгүй дүр зургийг харсан учир дахин задлан шинжилгээнд оруулсан юм.
Гэтэл түүний минь зүрх байгаагүй. Би эхнэрийнхээ зүрхийг авч явахыг маш их хүсч байна. Бас Монголын хууль шүүхийг шударгаар энэ хэргийг дахин шалгаж, бидний 14 жилийн турш санааг минь зовоож байсан үнэнийг мэдэхийг хүсч ирлээ, би энд мөнгөний төлөө бус шударга ёсны төлөө ирлээ” гэж ярилаа.
Түүнд Монголын ард түмний өгсөн 17000 гаруй долларыг энэ үеэр гардуулан өгсөн бөгөөд эхэр татан уйлж байсан юм. Хохирогчид маргааш УЕПГ очиж, 14 жилийн өмнө болсон энэ хэргийг дахин шалгаж өгөх хүсэлтээ албан ёсоор өмгөөлөгчийн хамт очиж өгнө.






