Сүүлийн үед цахим орчинд “Төрийн одон, медаль авна, зарна” гэсэн агуулгатай зар, мэдээлэл олноор нийтлэгдэх болсон нь анхаарал татаж байна. Монгол Улсын төрийн одон, медаль, цол, шагналыг олгох бүрэн эрх нь хуульд зааснаар зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хадгалагддаг бөгөөд эдгээрийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог билээ.
Гэтэл төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, хууль бусаар худалдах, бусдад шилжүүлэх зэрэг үйлдэл нь хууль зөрчсөн ноцтой зөрчилд тооцогддог байна. Энэ талаар холбогдох хууль тогтоомжид тодорхой заалтууд бий. Тодруулбал, “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.21.2-т зааснаар төрийн одон, медалийг хууль бусаар үйлдсэн, худалдан борлуулсан иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ.
Мөн тус хуулийн 15.21.1-д улсын цол, одон, медалиар шагнагдаагүй этгээд тухайн цол, одон, медалийн тэмдэг, энгэрийн зүүлтийг зүүсэн тохиолдолд хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Хууль хяналтын байгууллагуудын зүгээс төрийн одон, медалийн нэр хүнд, үнэ цэнийг унагаж, хууль бус арилжаа үүсгэж буй ийм төрлийн үйлдэлд хяналт шалгалтыг чангатгаж, зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцохоо анхааруулж байна.
Иргэдийг төрийн одон, медалийг худалдан авах, зарах, зуучлах зэрэг хууль бус үйлдэлд автахгүй байх, мөн ийм төрлийн зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэхийг уриалж байна






