Ажлын байрны соёл гэдэг нь зөвхөн дүрэм журам биш, харин хамт олны хандлага, бие биедээ үзүүлж буй нөлөө юм. 2026 оны 2-р сард HR Consulting FIRM -ийн явуулсан судалгаанд 1,296 хүн оролцож, ажлын байран дахь хамгийн “хортой” буюу ТОКСИК зан чанаруудыг тодорхойлжээ.
Судалгааны үр дүнгээс харахад мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний хандлага багийн уур амьсгалд шийдвэрлэх үүрэгтэй байна.
Хамгийн их “санал” авсан топ 5 токсик зан чанар:
Судалгаанд оролцогчид дараах зан үйлийг хамт олондоо хамгийн их дарамт учруулдаг гэж үзжээ. Үүнд:
1. Хувиа хичээх хандлага (252 санал)
Энэ нь багийн тоглолтыг үгүй хийдэг хамгийн аюултай зан. Зөвхөн өөрийн амжилт, ашиг сонирхлыг нэгт тавьснаар мэдээлэл нуух, бусдын гавьяаг өөртөө наах зэрэг сөрөг үйлдлүүд гардаг.
Үр дагавар: Хамт олны итгэлцэл үгүй болж, хүмүүс бие биеэсээ мэдээлэл нууж эхэлдэг.
2. Бусдад ялгавартай хандах (193 санал)
Хүмүүсийг “өөрийн талынх” болон “бусад” гэж хуваах, эсвэл зөвхөн ашигтай хүмүүстэй найрсаг хандах нь баг дотор хагарал үүсгэдэг.
Үр дагавар: Гадуурхагдсан ажилтнуудын идэвх зүтгэл буурч, ажлын байрны стресс нэмэгдэнэ.
3. Хойш суух, ялархах (156 санал)
“Би л энэ хүмүүсийн төлөө зүтгэж байна” гэсэн хохирогчийн дүр эсгэх эсвэл даалгасан ажлаас байнга зугтах хандлага.
Үр дагавар: Багийн бусад гишүүдэд ижил бус ачаалал ирж, шударга бус байдал үүснэ.
4. Бялдууч зан (138 санал)
Бодит үр дүн гаргахаас илүү удирдлагад таалагдахыг эрхэмлэх нь мэргэжлийн бус орчныг бүрдүүлдэг.
Үр дагавар: Чадварлаг ажилтнууд үнэлэмжгүй болж, “бялдуучлах нь амжилтын түлхүүр” гэсэн буруу соёл тогтоно.
5. Албан тушаалаар далайлгах (134 санал)
Эрх мэдлээрээ бусдыг дарамтлах, “Би дарга учраас минийх зөв” гэсэн хандлага гаргах.
Үр дагавар: Ажилтнууд санал бодлоо хэлэхээс айдаг болж, багийн бүтээлч байдал зогсоно.
эх сурвалж: HR Consulting FIRM






