Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Шангри-Ла молл дотор буюу тус барилгын дөрөвдүгээр давхарт үе тэнгийнхний дээрэлхэлт явагддаг уу?

Ахлах ангийн сурагчид нэгнийхээ биед халдаж, зүй бус үг хэллэгээр хараан доромжилж байгаа бичлэгээ нийгмийн сүлжээнд байршуулсан нь олон нийтийг цочирдуулж байна. Уг асуудалд холбогдсон хүүхдийн тоо 20 гаруй бөгөөд бусдын биед халдсан үйлдэл хийж буй 8-9 хүүхэд байгаа аж. Тэдний энэ үйлдэл анхных биш бөгөөд давтагдахдаа хүүхдүүдийн тоо өөрчлөгдөж, үйлдэл нь зэвсгийн чанартай үйлдэл ашигласан буюу илүү эрсдэлтэй түвшинд хүрч байгаа юм байна.

Тодруулбал, 16 настай хохирогч А-ийн ээж уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, хэрэг шалгагдаж байх үед дараагийн хэрэг үйлдэгдэж байгаа аж.

Хэрэг үйлдэгдсэн газар нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шангри-Ла молл дотор буюу тус барилгын дөрөвдүгээр давхар аж. Хоолны газрууд ажилладаг тухайн хэсэгт камер байршуулаагүй байдаг бөгөөд хүүхдүүд нэгнээ дээрэлхсэн, хүч хэрэглэсэн үйлдэл тэр бүсэд гараад байгаа юм байна. Уг нь худалдаа, үйлчилгээний байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргийнхээ хүрээнд камер байршуулах ёстой ч Шангри-Ла молл яагаад энэ үүргээ биелүүлээгүй  нь анхаарал татаж байна.

Хэргийг тодруулбал, хохирогч А-г хоёрдугаар сарын 14-ний өдөр болон гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд дээрэлхэж, зодож, тохуурхсан бөгөөд тухайн үйлдэлд холбогдсон сурагчид нь Баянзүрх дүүргийн 21-р сургууль, ХУД-ийн 130 дугаар сургуулийн сурагчид аж. 21 дүгээр сургуулийн сурагч А, Д, Ц, М гэх хүүхдүүд хохирогч А-ийн биед цахилгаан бороохой, бахь зэрэг зэвсгийн чанартай зүйл ашиглан халдсан байна. Тухайн үйлдлээ утсаараа бичлэг хийж, инстаграм хаягтаа байршуулжээ.

Мөн өнөөдөр цацагдсан хүчирхийллийн бичлэгт Номт наран хувийн сургуулийн хоёр сурагч, 130-р сургуулийн сурагчид, 21-р сургуулийн сурагчид бий бөгөөд тэднээс харьяаллын дагуу СБД-ийн Цагдаагийн хэлтэст тайлбар мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Дээрх асуудлаар 130-р сургуулийн нийгмийн ажилтан Э.Ганзориг “Манай сургуулийн нэг сурагч холбогдсон гэсэн мэдээлэл цагдаагаас авсан. Гэхдээ ямар сурагч гэдгийг мэдэхгүй байна” гэсэн тайлбар өгсөн бол 21-р сургуулийн захирал н.Оюунчимэг “зодоонд манай сургуулийн сурагч оролцоогүй. Харин бичлэг хийсэн сурагч л манай сургуулийнх байж магадгүй” гэсэн мэдээлэл өгч байна.

Үе тэнгийн дээрэлхэлтгүй, хүүхдүүд нэгнийхээ биед халдаж, зүй бус үгээр нэгнээ доромжилдоггүй байхад эцэг эхчүүдийн үүрэг нэн чухал байна. Хүүхдүүддээ цаг гарган ярилцах, эрсдэлээс хол байхыг сануулах нь гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх хамгийн эхний алхам юм.

эх сурвалж цахиур.мн

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ