Улсын хэмжээнд 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй байна. Оны эхний 03 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 55.2 хувь нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн ойролцоогоор тал хувь нь энэ талаар хэнд ч мэдээлдэггүй байгаа нь хүүхэд, насанд хүрэгчдийн хоорондын итгэлцэл сул байгааг илтгэж байна.
Цахим дээрэлхэлт нь уламжлалт дээрэлхэлтээс ялгаатайгаар 24 цагийн турш тасралтгүй үргэлжлэх, богино хугацаанд олон хүнд тархах, устгах боломж хязгаарлагдмал зэрэг онцлогтой. Үүний улмаас хүүхдийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө илүү гүнзгий, удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй байдаг.
Сургуулийн орчинд бүртгэгдсэн дээрэлхэлтийн 41.4 хувь нь цахим орчинтой хавсарсан хэлбэртэй байгаа нь асуудал улам нарийн, далд хэлбэрт шилжиж байгааг харуулж байна.
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.






