Жил бүрийн 4-р сарын 22-нд тохиодог Эх дэлхийн өдөр 2026 олон улсын арга хэмжээ өнөөдөр Парисын хэлэлцээрийн 10 жилийн ойтой давхцаж, дэлхийн 200 орчим улсад “Бидний цахилгаан эрчим хүч, бидний эх дэлхий” уриан дор тэмдэглэгдэж байна.
Энэ уриа нь зөвхөн хувь хүн бүрийн оролцохоос гадна улс орнууд, олон улсын тогтолцооны түвшинд хүргэх, эх дэлхийг хамгаалах шинэ шийдэлд шилжих шаардлагыг онцолж байгаа юм.
2026 оны Эх дэлхийн өдрөөр “2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх” зорилгыг дэлхий даяар сурталчилж, энэ хүрээнд 190 гаруй орны нэг тэрбум хүн байгаль орчноо цэвэрлэх, мод тарих, мэдлэг мэдээлэл түгээх үйл ажиллагаанд нэгдээд байна. Мөн энэ жил НҮБ-ын гишүүн орнууд далайн экосистемийг хамгаалах 60 гаруй төрлийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн нь далайн амьтдыг хамгаалах чухал алхам болж байна.
Эх дэлхийн өдрийг анх 1970 онд АНУ-ын сенатор Гейлорд Нелсон оюутнуудыг оролцуулахын тулд хаврын амралт, төгсөх шалгалтын тэг дунд байхаар санаачлан зохион байгуулж байсан бөгөөд энэ нь тэр жилдээ АНУ-д Цэвэр агаарын тухай актыг батлуулж чадсан.
Харин 2016 оны энэ өдөр Францын Парис хотноо дэлхийн 175 орон Парисын хэлэлцээр гэх түүхэн баримтад нэгдэж, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 2 хэмээс хэтрүүлэхгүй барих зорилтод хамтран зүтгэх амлалтаа өгсөн билэ.э
Эх дэлхийн өдөр нь ганц өдөр тэмдэглээд өнгөрөх бус, хүн бүрийн өдөр тутмын үйлдэлд жилийн 365 хоног тусах ёстой. Иргэн бүр мод тарих, орчны цэвэрлэгээнд оролцох, дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэрэглээгээ хянах, хүнсний хаягдлаа багасгах, мөн цахим орчинд мэдээлэл түгээж идэвхтэй оролцох зэргээр эх дэлхийгээ хамгаалахад хувь нэмрээ оруулах боломжтой. Тухайлбал, нэг тонн цаасыг дахин боловсруулахад 17 ширхэг мод, 27 тонн ус, 1.3 тонн тос хэмнэдэг нь бидний жижиг үйлдэл ч бодит үр дүн авчирдгийг харуулж байна.

Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн уур амьсгалын зорилтоо хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Тэрбум мод” хөдөлгөөн, нийтийн цэвэрлэгээ, мод тарих аян зэрэг бодит үйл ажиллагаагаар Эх дэлхийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.






