
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал, нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун нарын 11 хүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх урьдчилан хэлэлцэв.
“Нийслэлийн ШШГГ-ын дарга нарын хэргийг анхан шатны шүүх цагаатгасан нь үндэслэлгүй” гэж үзээд давж заалдах шатны шүүх уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 9-р сарын 21-нд ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч гадаадын иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн.
Хурал эхлэхэд хохирогч Мухамад Зоухейр Итаны хууль ёсны төлөөлөгч Д.Алтансүхийн өмгөөлөгч Б.Баатарсайхан уг хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй.
Уг хэрэгт О.Магнайгаас гадна
- Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун,
- тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир,
- тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг,
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал,
- Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун,
- Х.Саруул,
- Б.Батцэрэн нарын 11 хүн холбогдсон.
Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр хэлэлцэн, О.Магнай, Э.Болорчулуун, Ц.Шижир, Х.Эрдэнэ, Ш.Ядамдорж, Б.Бямбацогт, Х.Алтанцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт хатгагч, гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон.
Шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Б.Батцэрэн нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүл, Эрүүгийн хуулийн 23.5-1 дэх хэсгийн “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
Нийслэлийн ШШГГ-ын дарга асан, ШШГЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал, ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Үүнийг нь үндэслэлгүй гэж үзэн прокурор эсэргүүцэл бичсэн аж.






