
Монгол улсаас энэ оны эхний 6 сард хариуцлагатайгаар олборлосон 53.5 кг алтыг “Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоо”-нд нийлүүлжээ.
Монголбанк 2024 онд алтны жижиг, дунд болон бичил шударга олборлолтыг дэмжсэн анхны дөрвөн Төв банкны нэг болсон.
Энэ хүрээнд хариуцлагатайгаар олборлосон алтыг Швейцарын зах зээлд нийлүүлэх туршилтыг хэрэгжүүлэх, хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг Монголбанкнаас 2025 онд “Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоо”, “Аргор Хераеус” үнэт металл цэвэршүүлэх үйлдвэртэй гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Туршилтын үед Монголоос 5 компани шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, зөвхөн оны эхний 6 сард хариуцлагатайгаар олборлосон 53.5 кг алтыг “Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоо”-нд нийлүүлжээ.
Цаашид хөтөлбөрт хамрагдсан дотоодын уурхайнуудад нэмэлт мөнгөн урамшуулал бий болж, нийгмийн болон байгаль орчны төслөө санхүүжүүлэх, техник арга зүйн зөвлөгөө авах боломжийг олгоно.
Харин Монголбанкны тухайд уг төслийн хүрээнд алтны гарал үүслийг тодорхойлох олон улсын стандарт нэвтрүүлэх, сорьцын лабораториудын үйл ажиллагааг сайжруулах, олон улсын туршлага судлах, нутагшуулах зэрэг давуу талтай.






