Шри Ланкийн Ерөнхийлөгч асан Махинда Ражапаксагийн эхнэр, 73 настай Ширанти Ражапаксаг хүүхдийн эмнэлэгт зориулсан хандивын мөнгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр 10 сарын 7-нд баривчилжээ.
Түүнийг Коломбо хотын хүүхдийн эмнэлэгт тусгай зориулалтын оношилгооны төхөөрөмж худалдан авахаар цуглуулсан 10 сая рупи буюу 30 мянга орчим ам.долларын хандивтай холбоотой хэргээр шалгаж байна. Гэвч уг төхөөрөмжийг Хятадын Засгийн газар өмнө нь хандивласан байсныг мөрдөн шалгах байгууллагаас мэдээлжээ.
Ширанти Ражапакса буруутай үйлдэл хийгээгүй гэдгээ мэдэгдсэн бол түүний нөхрийн хэвлэлийн төлөөлөгч хандивын мөнгө байгууллагын дансанд хэвээр байгаа гэж тайлбарласан байна.
Шри Ланкийн эрх баригчид сүүлийн үед Ражапаксагийн гэр бүлийн гишүүдтэй холбоотой авлигын хэргүүдийг дахин шалгаж эхэлсэн бөгөөд тэдний хоёр хүү мөн энэ онд авлигын хэрэгт холбогдон баривчлагджээ.
Эх сурвалж: BBC
