Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар зоогийн газар, зочид буудал, амралтын газар, автомашин угаалга болон авто үйлчилгээний газруудад ногдуулдаг хотын албан татварыг 2-оос 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцжээ.
Харин бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, дагалдах хэрэгсэл болон согтууруулах ундаанд ногдуулдаг 2 хувийн татварыг хэвээр үлдээхээр тусгасан байна.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр, шатахууны хомсдолоос үүдэлтэй инфляц, үнийн өсөлтийн үед аж ахуйн нэгжүүдийн ачааллыг бууруулах зорилгоор энэхүү саналыг гаргажээ.
Өмнө нь НИТХ-ын 8 сарын хуралдаанаар аж ахуйн нэгжүүдээс шаарддаг 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
