Испанийн Тээвэр, тогтвортой хөдөлгөөний сайд Оскар Пуэнте 2026 оны 11 сарын 3-нд албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр мөн 11 сарын 29-нд болох парламентын сонгуульд Социалист намыг төлөөлөн нэр дэвшихээс татгалзжээ.
Түүний огцрох шийдвэрт өнгөрсөн 10 сарын 28-нд Толедо мужийн Урда хотын ойролцоо болсон хурдны галт тэрэгний осол голлон нөлөөлсөн байна. Уг ослоор хоёр галт тэрэг мөргөлдөж, 69 хүн амиа алдан, 200 орчим хүн гэмтэж бэртжээ. Хамгийн анхаарал татсан нь энэ онд Испанийн Мадрид–Севиль чиглэлийн төмөр замд гарсан хоёр дахь томоохон осол юм.
Өнгөрсөн 1-р сард Адамус хотын ойролцоо болсон галт тэрэгний ослоор 46 хүн амиа алдсан билээ. Оскар Пуэнте парламентын байнгын комисст дөрвөн цаг гаруй тайлбар мэдээлэл өгснийхөө дараа огцрох шийдвэрээ олон нийтэд зарласан байна.
Тэрбээр “Ийм хэмжээний хоёр осол нэг жил хүрэхгүй хугацаанд гарсан байхад Испани улсын Тээврийн сайд албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах боломжгүй. Энэ бол улс төрийн нэр төр, зарчимч байдал, хохирогчдод үзүүлэх хүнлэг сэтгэлийн асуудал” хэмээн мэдэгджээ.
Мөн “Бүх улстөрч адилхан гэдэг нь худлаа” хэмээн хэлж, огцрох шийдвэрээ улс төрийн хариуцлага хүлээж буй үйлдэл гэдгийг онцолсон байна. Сайдын мэдээлснээр ослын дараах аврах ажиллагаа, мөрдөн шалгах ажил болон төмөр замын аюулгүй байдлыг сайжруулах эхний арга хэмжээг хэрэгжүүлж дуусгах хүртэл тэрбээр албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллажээ.
Одоогоор ослын шалтгааныг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд төмөр замын дохиолол, аюулгүй ажиллагааны системийн доголдол болон хөдөлгөөний удирдлагын шийдвэрүүдийг шалгаж байна.
Испанийн Засгийн газар төмөр замын хяналт, удирдлагын тогтолцоог сайжруулах, аюулгүй ажиллагааны системийг шинэчлэх, хяналтын төвүүдийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаа мэдэгджээ.






