Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

55 бод хулгайлж, ченжүүдэд зарсан хэрэгт 18–22 насны иргэдийг баривчилжээ

Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр 55 бод мал хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж буй 4 залууг цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 18–22 насны иргэд бэлчээрээс мал хулгайлж, махлан ченжүүдэд худалдан борлуулдаг байсан нь тогтоогдсон байна.

Жил бүрийн энэ үед малын хулгай нэмэгдэх хандлагатай байдаг. Малчдын жилийн 4 улиралд хөдөлмөрлөж өсгөсөн мал хулгайд алдагдах нь өрхийн орлого, амьжиргаанд шууд хохирол учруулдаг.

Одоогоор цагдаагийн байгууллага хохирогчдыг тогтоох, хэргийн нөхцөл байдлыг бүрэн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Малчдад малаа удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, им, тамга, зүс, нас, хүйс зэрэг онцлог шинжийг нь бүртгэж, зурагжуулахыг зөвлөжээ. Ингэснээр хулгайд алдсан малаа эрэн сурвалжлах, таньж тогтооход дөхөм болох юм.

Мөн мал худалдах, тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Сэжигтэй хүн, тээврийн хэрэгсэл ажиглагдвал цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдээлэхийг анхаарууллаа.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар мал хулгайлсан гэмт хэрэгт 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл хорих ял оногдуулж болно. Харин хүндрүүлэх нөхцөлтэй бол 2–8 жил, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн болон малын хулгайг амьжиргааны эх үүсвэр болгосон тохиолдолд 5–12 жилийн хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ