Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Аутизмын оноштой 2,395 хүүхдэд зориулсан сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүсжээ

2 жилийн дотор Монгол Улсад аутизмын оноштой хүүхдийн тоо 670-аар нэмэгджээ. Эндээс хүүхэд бүрд тохирсон сургалт, тэднийг ойлгох багш, мэргэжлийн дэмжлэгийн хэрэгцээг анхаарах шаардлагатайг сануулж байна.

2022 онд аутизмын оноштой 1,725 хүүхэд бүртгэгдэж байсан бол 2024 оны эцэст 2,395 болж, 38.8 хувиар өссөн байна. Тэдний 1,765 нь Улаанбаатар хотод, 630 нь орон нутагт амьдарч байжээ. Эдгээр нь зөвхөн албан ёсоор онош нь баталгаажсан хүүхдийн тоо юм.

Аутизмтай хүүхэд бүрийн суралцах онцлог, дэмжлэгийн хэрэгцээ харилцан адилгүй. Зарим хүүхдэд сургалтын арга барилыг тохируулах шаардлагатай бол заримд нь харилцаа, хэл яриа, өдөр тутмын суралцах үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг хэрэгтэй байдаг.

Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын Нийтийн өргөдлийн системд иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Өргөдөлд сургууль бүрд аутизм болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн болон сургалтын тусгай хөтөлбөр нэвтрүүлэхийг хүссэн байна.

Гэхдээ зөвхөн хөтөлбөртэй болох нь хангалтгүй. Түүнийг хэрэгжүүлэх багш нарыг аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйд сургах, шаардлагатай сургуулиудад туслах багш ажиллуулахыг мөн шаарджээ.

Түүнчлэн сургуулиудад хэл засалч болон тусгай хэрэгцээт боловсролын багш ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийг өргөдөлд тусгасан байна.

2026 оны 11 дүгээр сарын 17-ны байдлаар 2,899 хүн өргөдөлд нэгдсэн бөгөөд нийт 33,000 гарын үсэг цуглуулах шаардлагатай. Гарын үсэг авах хугацаа 12 дугаар сарын 5-нд дуусна.

Хүүхэд бүр адилхан суралцах албагүй. Харин хүүхэд бүр өөрийн онцлогт тохирсон дэмжлэг авч, бусдын адил боловсрол эзэмших эрхтэй.

Өргөдөлд гарын үсэг зурах: https://petition.parliament.mn/Detail?id=128dd5be-aa6f-4b09-a0b4-f2637f6ed82a

 

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ