Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр /2025.09.19/ Улсын Их хурлын гишүүдийн төлөөлөл Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэхүү хуулийг Улсын Их Хурлын 76 гишүүн санаачлан боловсруулжээ.
Хуулийн төслийн гол зорилго нь иргэдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зориулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэж байгааг хууль санаачлагчид танилцууллаа.
Манай улсад Тамхины хяналтын хууль анх 1993 онд батлагдсан бөгөөд 2005 оноос шинэчлэгдэж, нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Гэвч Тамхины тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр хуулийн хэрэгжилт хангалтгүй, хяналт сул, хууль бус худалдаа ихэссэн, хяналтын байгууллагуудын уялдаа холбоо муу байгаагаас өсвөр үе, залуучуудын дунд тамхины хэрэглээ өсөж, эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна.
Монгол Улсад тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлж, жил бүр ойролцоогоор 4300 хүн тамхины хэрэглээтэй холбоотойгоор нас барж байгаа ба тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын бүтээгдэхүүний 2.1 хувийг эзэлж байна гэлээ. Мөн энэхүү тайланд “электрон тамхи нь тамхинас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байгааг анхаарах шаардлагатай” гэж дурджээ.






