Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.22/ хурлаар 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан Үл хөдлөн хөрөнгийг худалдан борлуулахад авдаг 2 хувийн татварыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн торатвар байхгүй болсноор төсөвт хэдий хэмжээний орлого байхгүй болох вэ, үүн дээр хийсэн тооцоо байна уу. Орон нутаг дээр анхан шатны томоохон хэмжээний дэмжлэг олгодог гэж яриад байх шиг байна. Хэдэн төгрөгийн дэмжлэг олгодог вэ. Хэдэн төгрөг төвлөрүүлээд хэдэн төгрөгийн хуваарилалт хийж, ямар зардал гаргадаг вэ. Зарж байгаа дээр нь дэмжихгүй, худалдан авч байгаа дээр нь дэмжинэ гэж яриад байна. Хүн байраа худалдаж авахдаа өөрийн мөнгөөрөө худалдаж авсан. Тэр байраа зарж, борлуулж амьдрал ахуйгаа сайжруулах гээд л явж байгаа. Тэндээс мөнгөн дүн хасагдаж байна гэдэг нь дараагийн худалдан авалт дээр хасагдаж орж ирнэ гэсэн үг. Тийм биз дээ. Жишээлбэл, би байраа зараад 2 хувийн татвар яагаад төлөх ёстой юм бэ. Үүнийг л асуугаад байгаа юм” гэв.
Харин энэ асуултад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын төсвийн орлогын хэлтсийн газрын дарга Л.Ичинноров: “Хувь хүн анх удаа орон сууц авсан тохиолдолд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т заасны дагуу 6 сая хүртэлх буцаалт олгож байгаа. Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварын орлогоор 2024 онд 75 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Буцаалт нь 80 тэрбум байгаа. Жишээлбэл, 200 сая төгрөгийн байр худалдаж авлаа гэхэд хувь хүний орлогын албан татварын буцаалт буюу 6 сая төгрөгийн дэмжлэг авна. Эзэмшээд 2 жилийн дараа энэ байраа зарлаа гэхэд энэ хугацаанд 8 сая төгрөгийн чөлөөлөлт эдэлнэ. Тиймээс энэ хугацаанд 14 сая төгрөгийн дэмжлэг авна гэсэн үг. Харин эргээд 200 саяын байраа зарахад 2 хувийн татвар буюу 4 сая төгрөгийг төлөх юм” гэлээ.






