Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл өчигдөр буюу 2025.09.23-нд мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр өнөөдөр буюу 2025.09.24-ны өдөр багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардан багш нар жагсана гэдгийг мэдэгдсэн.
“Багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахыг шаардаж УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ. Уг шаардлагыг албан тушаалтнууд өөрсдийн биеэр хүсэж байна. Мөн тайван жагсаал хийхдээ бусдын нэр хүндэд халдахгүй байхыг уриаллаа. Энэ удаагийн тайван жагсаал үр дүнд хүрэхгүй тохиолдолд хуулийнхаа хүрээнд тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлэх болно” гэв. Тайван жагсаалыг 12:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна гэнэ. Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг тус холбооноос тавьж, улмаар Боловсролын яамныхантай хэлэлцээрт орсон бөгөөд Боловсролын сайд П.Наранбаяр “Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхэд 3.3 их наяд төгрөг шаардлагатай. Энэ эх үүсвэрийг ирэх онд гаргах боломжгүй. Үе шаттай багш нарын цалинг нэмэх боломж бий” гэж мэдэгдээд байгаа.






