Ардын жүжигчин, дэлхийн нэр хүндтэй баритон дуучин Энхбатын Амартүвшин олон улсын дуурийн урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг гэгддэг “Opera Star – International Opera Awards 2025”-аас шилдэг баритон шагналыг гурав дахь удаагаа хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

Дуурийн урлагийн хүрээнд “Дуурийн Оскар” хэмээн нэрлэгддэг энэхүү шагнал нь дэлхийн шилдэг дуучид, уран бүтээлчдийн авьяас чадвар, тайзны ур чадварыг үнэлдэг өндөр шалгууртай, нэр хүндтэй шагнал юм.
Э.Амартүвшин энэхүү шагналыг анх 2020 онд хүртэж байсан бол 2023 онд Германы Берлин хотод хоёр дахь удаагаа шалгарч байжээ. Харин энэ удаа буюу 2025 онд дахин шилдгүүдийн эгнээнд багтаж, гурав дахь удаагаа тус шагналыг хүртсэн нь Монголын дуурийн урлаг дэлхийн түвшинд ямар өндөр байр суурь эзэлж буйг дахин нотоллоо.

Тэрбээр олон улсын нэр хүндтэй тайзнуудад гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж, Верди, Пуччини, Моцарт зэрэг сонгодог зохиолчдын дуурийн бүтээлүүдээрээ үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсаар ирсэн уран бүтээлч юм.
Энэхүү амжилт нь зөвхөн Э.Амартүвшины хувийн хөдөлмөр, авьяас чадварыг илтгээд зогсохгүй Монголын дуурийн урлагийн хөгжил, олон улсын тавцанд эзлэх байр суурийг тодотгож буй онцгой үйл явдал боллоо. Соёл урлагийн салбарынхан болон сонгодог урлагт хайртай үзэгчид түүний энэхүү амжилтыг өндрөөр үнэлж, Монголын нэрийг дэлхийд дуурсгасаар буйд талархал илэрхийлж байна.






