Карл Бушби 1998 онд эхлүүлсэн дэлхийг тойрох 27 жилийн явган аяллаа бараг дуусгаж байна. Энэ хугацаанд тэрээр 57 мянга гаруй км алхаж, нэг ч удаа тээврийн хэрэгсэл ашиглаагүй бөгөөд богино зам, хялбарчилсан маршрутаар ч яваагүй гэнэ.
Түүний маршрут нь тив дамнасан, хөлдүү, алслагдсан хил хязгаарыг дамжин өнгөрснөөр түүхэн дэх хамгийн урт, шийдэмгий алхалтын экспедицүүдийн нэг болгосон байна.
Их Британийн хойд хэсэгт байрлах Халл хэмээх хотод төрж өссөн Карл Бушби дэлхийг явганаар тойрох аяллаа 1998 онд эхлүүлжээ. Тэрбээр гэрээсээ гараад нэг ч удаа гэртээ очоогүй байна. Энэ нь түүний аяллын алтан хоёр дүрмийн нэг.
Өмнөд Америкийн хамгийн өмнөд хэсэг, Чили улсаас аяллаа эхлүүлсэн домогт аялагч Карл Бушбиг Монголд 2017 онд ирэх үед Gogo цахим хуудасныхан ярилцлага хийж байжээ .Ярилцлагыг доор хулбарлав.
-Намайг Карл Бушби гэдэг. 47 настай, Английн иргэн. Сүүлийн 19 жилийн турш Өмнөд Америкийн хамгийн өмнөд бүсээс эхлэн гэртээ хүртэл дэлхийг явганаар тойрон аялж байна. Нийт 36,000 милл зам туулахаас 28,000 миллийг нь туулаад байгаа.
-Та яагаад энэ аяллыг эхлүүлэхээр болсон юм бэ. Олон жил үргэлжилж буй таны аялал хэзээ дуусах вэ?
-Хүүхэд байхаасаа л дэлхийг тойрон аялах талаар боддог байсан. Ерөөс миний амьдралд тохиосон мөч бүхэн энэ үйлдлийг хийхэд хүргэсэн гэж хэлж болно. Хамгийн эцсийн шийдвэр гаргасан мөч гэвэл, 20-оод жилийн өмнө найз нартайгаа уушийн газарт сууж байхдаа мөрийцсөн юм. Найз нар маань хүн явганаар дэлхийг тойрох ямар ч боломжгүй гэсэн нь аялах шийдвэр гаргахад минь улам их нөлөөлсөн.
Над шиг дэлхийг явганаар тойрсон хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна
Ингээд нэг л өдөр ажлаасаа гарч, дэлхийг явганаар тойрох аяллаа 1998 оны арваннэгдүгээр сарын 1-нд эхлүүлсэн. Эхлээд Чилийн Пунта Аренасаас Аргентин, Колумб зэрэг орноор дайрч, Өмнөд, Хойд Америкийг гатлаад Төв Азийн нутагт очсон. Ингэхдээ Аляскагаас ОХУ руу очихын тулд Берингийн хоолойгоор сэлж, Чойбалсан, Чингис хотоор дайрч, Улаанбаатарт ирээд байна.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би Их Британийн Зэвсэгт хүчинд байлдааны бэлэн байдлыг хангах цэргээр 12 жил алба хашсан. Түүнийхээ хүчинд л дэлхийг тойрч, улс орнуудад ямар ч нөхцөл байдалд амьдраад явж байна. Энгийн хүн над шиг ийм аялал хийх боломжгүй.
-Аялж явахдаа таныг олон бэрхшээлтэй нүүр тулж, бүр цагдаад хүртэл баригдсан гэж сонссон. Үнэн үү?
-19 жил гэдэг маш урт хугацаа. Улс бүрт л адал явдал тохиолдоно. Хамгийн том бэрхшээл төдийгүй миний аяллыг таван жил гацаасан асуудал нь Оросын виз олголт байлаа. Оросууд намайг Их Британийн Зэвсэгт хүчинд 12 жил алба хашсаныг, Америк улсыг бүтэн тойрсныг мэдээд тагнуулч гэж сэрдсэн. Уг нь АНУ-д байхдаа аялал жуулчлалын байгууллагаар дамжуулан Оросын виз даруулсан байсан юм.
Гэтэл виз маань Оросын хилийг агаараар гатлах байсныг мэдээгүй учраас хөлөөрөө хилийн дээс алхахыг хүсэхэд тагнуулч гээд сэжигтнээр татаж, шоронд хорьсон. Ингээд шүүх хурал болж, таван жилийн хугацаанд ОХУ руу орохыг хориглосон. Би давж заалдаж, улмаар Английн Засгийн газрыг ОХУ-ын Засгийн газартай зөвшилцөлд хүргэж чадсан. Манай Засгийн газраас намайг тагнуулч биш гэдгийг батлан дааснаар ОХУ руу нэвтрэх эрхтэй болсон доо.
-Таныг Аляскаас Оросын нутаг руу орохын тулд Берингийн хоолойг сэлж гаталсан гэж дуулсан. Энэ тухайгаа дурсахгүй юу?
-Оросын хилийг гаталж, Сибирт хүрэхийн тулд Берингийн хоолойгоор сэлсэн. Түүгээр хөлөг онгоц явдаггүй, маш том мөсөн гол учраас хүмүүс тойруу замыг сонгодог юм билээ. Би Орос руу орохын тулд бүтэн таван жилийг алдсан учраас Берингийн хоолойгоор сэлж гарахаар сэтгэл шулуудсан. Мэдээж хэрэг ганцаараа явах боломжгүй учир миний аяллыг ивээн тэтгэдэг хүмүүсийн тусламжтай, нэг хүний хамтаар явсан. ОХУ-ыг туулж, Монголд ирэхийн тулд 1.6 жил зарцуулсан. Би аялахдаа хоёр зарчим баримталдаг.
Нэг нь, зорьсон газартаа хүрэхдээ заавал алхаж очих ёстой. Жишээлбэл, Чингис хот хүртэл алхаад, тэндээсээ Улаанбаатарт ямар нэг ажил, эрүүл мэндийн шалтгаанаар машин, онгоц, эсвэл дугуй гэх мэт тээврийн хэрэгслээр ирсэн бол үүнийг аялсанд тооцохгүй. Тиймээс дахин алхаж хүрсэн газраасаа буюу Чингис хотоос аяллаа заавал эхлүүлэх жишээтэй. Нөгөө нэг дүрэм нь, аяллын явцад ямар ч шалтгааны улмаас гэртээ очиж болохгүй. Тиймээс ОХУ-ын виз хөөцөлдсөн таван жилийн хугацаанд АНУ-д амьдарсан. Миний дүрэм энгийн хэрнээ мөрдөхөд маш хэцүү. Хамгийн гол нь бусад аялагчаас ялгарч, аялал маань ч үүгээрээ утга учиртай, онцлог болж байгаа юм.
Над шиг дэлхийг явганаар тойрсон хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна
-National Geography, Guardian, The Washington post, BBC гээд дэлхийн томоохон хэвлэлүүд таны аяллын талаар онцолсон байдаг. Мөн таныг намагт дөрөв хонож байсан гэж дурьдсан байсан. Энэ талаараа ярихгүй юу?
-Өмнөд Америкаас хойд Америк руу хүрэх замдаа намаг дотор дөрөв хоносон шүү. Тухайн үед Өмнөд Америкт иргэний дайн үүссэн байсан бөгөөд эрх баригчид замд тааралдсан хэнийг ч болов хайр найргүй устгаж байсан үе. Буутай цэргүүдээс нуугдаж, зугтаахын тулд дөрөв хоног намагт амьдарсан. Цэрэг хүний чадвараар энэ бүхнийг даван туулсан даа. Тиймээс л 19 жилийн турш маш хэцүү аяллаа эсэн мэнд үргэлжлүүлээд явж байна.
-Аяллаа хэдэн төгрөгтэй эхлүүлж байсан бэ. Ийм урт хугацаанд аялахын тулд нэлээд мөнгө хэрэг болно. Ивээн тэтгэгчээ хэрхэн олсон бэ?
-Гэрээсээ 500 ам.доллартай гарсан. 1998 онд Өмнөд Америкт 500 ам.доллар гэдэг чамгүй их мөнгө төдийгүй өртөг хямдхан байлаа. Анхны ивээн тэтгэгчээ олох хүртлээ дөрвөн жил энэ мөнгөөр амь зуусан. Гэхдээ дийлэнх үед надтай сайхан сэтгэлтэй хүмүүс таарч байсны ачаар үнэгүй хооллох, амьдрах орон байр олддог байсан. Ингээд дөрвөн жил Өмнөд Америкийг явганаар туулсан түүх байгаа учир Хойд Америкт очиход ивээн тэтгэгч олдоно гэж найдсан. Найдлага маань ч талаар болоогүй.
Зар сурталчилгаа, аялал жуулчлал, барааны дэлгүүр гээд жижиг компаниуд багахан хэмжээний мөнгөөр ивээн тэтгэсэн. Сарын хүнсийг маань даах, аяллын хувцас, хэрэгсэл өгөх гэх мэтчилэн. Аав маань надад очсон газар бүртээ өдөр бүр аяллынхаа талаар нэг мөр ч байсан хамаагүй тэмдэглэл хөтөлж байхыг зөвлөсөн. Ингээд дөрвөн жил бичсэн тэмдэглэлээрээ “Аварга алхам” нэртэй номоо гаргаж, хэвлүүлсэн. Ном худалдсан мөнгөөрөө Хойд Америкийг тойрох, Аляскаас Берингийн хоолойг гатлах их хэмжээний зардлаа олсон.
-Одоо таныг томоохон компаниуд ивээн тэтгэж байна уу. Та туулсан амьдралаараа баримтат кино хийх үү?
-2007 онд байх аа. АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн магнат Абу-Дабигийн “Алдан” хэмээх компани надтай холбоо тогтоож, найман сар хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Гэтэл 2008 онд АНУ-д эдийн засгийн хямрал болж, гаднын хөрөнгө оруулалтын томоохон компаниуд нутаг буцаж эхэлсэн. Тэдний нэг нь “Алдан” компани байсан учир гэрээ цуцлагдсан. Ингээд бүтэхгүй юм байна гэж бодож байтал одоо намайг ивээн тэтгэж байгаа хоёр залуу надтай холбогдов. Тэд хуучин номын дэлгүүрээс миний номыг олж уншаад, надад хандсан юм билээ. Тэд одоо АНУ-д олон ангит кино хийдэг продюсер. Миний аялал, амьдралаар баримтат болон уран сайхны кино хийхээр төлөвлөсөн байгаа.
-Аяллын дуусах цэг таны гэр байх болно гэлээ. Бүх зүйл дууссаны дараа та юу хийх вэ?
-Хамгийн эцсийн цэг нь миний төрж өссөн нутаг, хойд Английн Халл хэмээх хот байх болно. Эндээс л анх аяллаа эхлүүлсэн учраас дуусгана. Монголоос энэ долоо хоногтоо багтаад гарчих болов уу. Одоо 17,000 милл үлдсэн. Гэртээ очтол 3-4 жил болно. Монголоос гараад Казахстан, Европ, цаашлаад Лондонд хүрч, төрсөн нутаг Халл хотдоо очих төлөвлөгөө боловсруулсан. Гэрт аав, ээж, хүү гурав маань намайг хүлээж байгаа.
Гэртээ очоод ахиж аялахгүй. Харин АНУ-д таван жилийн хугацаанд амьдарч байхдаа байгуулсан VPAC хэмээх төрийн бус байгууллагынхаа ажлыг үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Манайх хүүхдүүдийг сонирхолтой аргаар шинжлэх ухааны салбарт татан оролцуулах, инженер, техникийн боловсрол олгох зорилготой байгууллага. Дэлхий даяар шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхээр зэхэж, анхны салбар улсаар Монголыг сонгон, “Unimat education” байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулсан.
Өмнөдөөс Хойд Америк хүрэх замд намаг дотор дөрөв хоносон
-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Орост багагүй хугацаа өнгөрөөсөн учир Монголд ирэхэд том өөрчлөлт хийж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Би тэрэг түрж явдаг юм. Чойбалсангаас Чингис хот хүртэл шороон замаар тэргээ түрж явах нь жаахан хүндрэлтэй байсан. Түүнээс биш танай ард түмэн элэгсэг найрсаг, халуун дотно хүмүүс. Энэ олон жилийн турш улс орноор аялж явахад надад огт ийм зүйл тохиолдож байгаагүй. Тэр нь юу гэхээр замаар алхаж явахад хүүхдүүд холоос халуун сүүтэй цай, боорцог бариад гүйгээд ирсэн. Энэ нь үнэхээр сайхан санагдаж, гүн сэтгэгдэл төрүүлсэн. Танай улсын түүхийн талаар анх ирэхдээ ямар ч ойлголтгүй байлаа. Ирснээсээ хойш алхам тутамдаа Монголын талаарх үүх түүхийг сонсож, мэдэж авч байгаа. Мөн Монгол гэрт хоносон нь сонирхолтой санагдсан шүү.
-Тань шиг ингэж явганаар аялсан хүн дэлхийд өөр байдаг уу?
-Яг над шиг хөлөөрөө дэлхийг тойрсон хүн байхгүй. Байх боломжгүй гэдгийг ам бардам хэлнэ. Ийм амьдралыг сонгож чадах хүн ховор. Сонгоод ч хэрэггүй гэж зөвлөх байна. Ар гэр, эхнэр, хүүхэд гээд бүгдийг хаяхаас өөр аргагүй. Дэлхийг тойрон аялагчид ямар нэг байдлаар зам тээвэр ашигласан байдаг.
-Цэл залуу насаа аялж өнгөрөөсөндөө та харамсдаг уу. Нөгөө талаар та дэлхийд домог болж үлдэх нь, тийм үү?
-Ерөөс амьдралд юу ч хийсэн бай сайн, муу хоёр талтай. Сөрөг талын тухайд аав, ээжийгээ бараг танихгүй шахам болсон. Хүүгийнхээ талаар сайн мэдэхгүй. Нэг газраа удаан байдаггүй болохоор дотнын найз нөхөд ховор. Аяллаас бусад зүйлд цаг зав гаргах боломжгүй. Гэхдээ өдөр бүр адал явдалтай учирч, дэлхий ертөнц ямар гайхамшигтай агуу болохыг цаг тутамд мэдэрч, олон сайхан хүмүүстэй учирлаа. Энэ 19 жилийн аялал намайг бүтээсэн. Тийм учраас аяллынхаа явцад өөртөө олон боломж, үүд хаалгыг нээсэндээ би талархаж явдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Бямбасүрэн
