Нүүр хуудас Нийгэм Төрийн өмчит 16 компанийг нэгтгэж, татан буулгах замаар тоог нь 85 болгоно

Төрийн өмчит 16 компанийг нэгтгэж, татан буулгах замаар тоог нь 85 болгоно

Засгийн газраас Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой 101 хуулийн этгээдийн тоог 2030 он гэхэд 85 болгон цөөлөх бодлого боловсруулжээ.

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар “Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Бодлогын хүрээнд Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой 101 хуулийн этгээдийг үйл ажиллагааны чиглэлээр нь ангилж, 47-г арилжааны, 54-ийг нийтийн үйлчилгээний ангилалд хамруулахаар төлөвлөжээ.

Мөн давхардсан чиг үүрэгтэй, үр ашиг багатай компаниудыг нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах замаар нийт тоог 16-аар бууруулах юм.

Үүнээс гадна төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах боломжтой 34 компанийн бүтэц, өмчлөлийг шинэчлэхээр тусгажээ. Эдгээр компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгох, стратегийн хөрөнгө оруулагч татах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Засгийн газрын үзэж буйгаар уг бодлого хэрэгжсэнээр төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, хариуцлага сайжирч, төрийн өмчийн үр өгөөж нэмэгдэх юм.

Бодлогыг 2027–2030 онд 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version