Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг харьцуулсан 2026 оны судалгаагаар Дархан-Уул аймаг анх удаа тэргүүлж, 100 оноо авчээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан тайланд аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн 4 үндсэн бүлгийн 146 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна.
Эхний 5 байрт:
- Дархан-Уул – 100 оноо
- Дорноговь – 96.2 оноо
- Орхон – 92.3 оноо
- Өмнөговь – 79.8 оноо
- Дорнод – 76.5 оноо
Дархан-Уул аймаг 2023 онд 3 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 1 дүгээр байрт дэвшжээ. Харин өмнө нь тэргүүлж байсан Орхон аймаг 3 дугаар байр руу шилжсэн байна.
Дархан-Уул аймгийн хувьд дэд бүтэц, боловсролын хүртээмж, цэцэрлэгийн хамрагдалт, хүнсний аюулгүй байдал, авто замын чанар, ногоон байгууламж, дундаж цалин, амьдралын чанар болон засаглалын үр ашгийн үзүүлэлтүүд сайжирчээ.
Мөн бизнесийн үр ашгийн үзүүлэлтээр 21 аймгийг тэргүүлсэн байна. Харин эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Дорноговь, дэд бүтцээр Орхон аймаг тус тус тэргүүлжээ.
Гэхдээ улсын хэмжээнд аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 61.5 болж, 2023 оныхоос 5.2 оноогоор буурсан байна. Нийт 21 аймгаас 5-ынх нь оноо өсөж, 16-гийнх нь буурчээ.
Судалгааг статистик мэдээлэл болон 21 аймгийн бизнес эрхлэгчдийн санал асуулгад үндэслэн боловсруулсан бөгөөд энэ жил 15 дахь удаагаа танилцуулж байна.
