Нүүр хуудас Онцлох Баян-Өлгий аймагт хүзүүвчтэй нохойг ч буудна

Баян-Өлгий аймагт хүзүүвчтэй нохойг ч буудна

 

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хот тохижуулах албанаас өнөөдөр буюу 11-р сарын 11-нд “Золбин нохой устгах ажил өдөр бүр хийгдэж байна” гарчигтай мэдээллийг e-mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системд оруулжээ.

Ингэхдээ “Устгалын үеэр хүзүүвчтэй байсан ч сул явж байгаа нохойг устгах тул айл өрх нохойгоо уяна уу. Уяагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй” гэсэн ноцтой анхааруулгыг ч хавсаргасан байна. Энэ фото мэдээг та энэ холбоосоор үзэх боломжтой. 

Монгол Улс 2023 онд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг баталж, 2024 оны 1-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.

12 дугаар зүйл.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах

12.2.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад дараах зарчмыг баримтална:

12.2.1.харгис хэрцгий арга хэрэглэхгүй байх;

12.2.2.үржил хязгаарлах аргыг нэн тэргүүнд эрхэмлэх;

12.2.3.олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, хүн амын суурьшлын бүсэд устгахгүй байх;

12.2.4.нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх;

12.2.5.энэ хуульд заасан бусад.

12.3.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг зохион байгуулах журмыг энэ хуульд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

12.4.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглоно.

Уг хуулиар эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглосон ч энэ заалтын хэрэгжих хугацааг 5 жилээр хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, буудаж устгахыг хориглосон зохицуулалт 2029 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Гэвч 2023 оны 12-р сард батлагдсан ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ актын 5-р зүйлд

“Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дараа дагаж мөрдөнө”  гэж заажээ. 

Өөрөөр хэлбэл Монгол улс гэрийн тэжээвэр амьтан хамгаалах хуулиндаа эзэнгүй эзэнгүй нохой, муурыг буудаж устгахыг хориглосон ч хуулийн хэрэгжилтийг 5 жилээр буюу 2029 он хүртэл хойшлуулсан байна.

Нөгөө талаар нийслэл Улаанбаатар хотын захиргаанаас эзэнгүй нохой, муурыг барьж, асрах, үржлийг нь хязгаарлах ажлыг эхлүүлсэн байна. 2025 онд Хан-Уул дүүргийн 13-р хороонд эзэнгүй нохой, муур асрах төвийг ашиглалтад оруулжээ.

Энэ оны 3-р сарын байдлаар тус төвд 120 гаруй нохой, 20 орчим муур байсан бөгөөд нийт 62 амьтны үржлийг мэс заслын аргаар зогсоосон байна.

Ийнхүү Монгол Улс эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахдаа буудаж устгах аргаас үржил хязгаарлах, асран хамгаалах тогтолцоонд үе шаттай шилжих эрх зүйн зохицуулалттай болсон. Гэхдээ буудаж устгахыг хориглосон заалт хэрэгжиж эхлэх хүртэл одоогийн зохицуулалт хэвээр үйлчилж байгааг Өлгий хотын жишээнээс харж байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version