Нүүр хуудас Нийгэм Австрали улс бага насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо

Австрали улс бага насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо

Австралийн улсад 16-гаас доош насны хүүхдүүдийн “TikTok”, “Alphabet”-ийн “YouTube”, “Meta”-гийн “Instagram”, “Facebook” зэрэг платформуудад нэвтрэх эрхийг нь хааснаар ийм насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон анхны улс боллоо. Уг хуулийг дагаж мөрдөөгүй тохиолдолд 49.5 сая хүртэлх австрали долларын /33 сая ам.доллар/ торгууль ногдуулах аж. Ингэснээр Австрали бага насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглосон анхны улс боллоо. Эл шийдвэрийг технологийн томоохон компаниуд ихээхэн шүүмжилсэн бол эцэг, эхчүүд болон хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид сайшааж хүлээн авсан юм.

Ерөнхий сайд Энтони Альбанезе энэхүү явдлыг гэр бүлүүдийн хувьд “бахархалтай өдөр” хэмээн тодорхойлоод, бодлого боловсруулагчид уламжлалт хамгаалалтуудаас давсан цахим орчны хор хөнөөлийг хязгаарлаж чадна гэдгийг нотлон харуулж байна гэж мэдэгджээ. “Энэ бол Австралийн гэр бүлүүд технологийн томоохон компаниудаас эрх мэдлийг эргүүлэн авч байгаа өдөр юм” гэж Э.Альбанезе “ABC News”-д ярьсан байна.

“Шинэ технологи гайхалтай зүйлсийг хийж чадна, гэхдээ хүн төрөлхтөн бид өөрсдийн хувь тавилангаа хяналтдаа байлгаж байгаа эсэхээ баталгаажуулах хэрэгтэй бөгөөд энэ бол хуулийн зорилго юм” гэж тэрбээр хэлжээ. Дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ Э.Альбанезе энэ сарын сүүлчээр эхлэх сургуулийн амралтыг угтан “шинэ спортоор хичээллэх, шинэ хөгжмийн зэмсэг тоглож эхлэх эсвэл номын тавиур дээр байгаа номоо уншихыг” хүүхдүүдэд уриалсан байна.

Хориг хүчин төгөлдөр болохоос хэдхэн цагийн өмнөөс уг хуулийн үйлчлэлд хамрагдаж буй нэг сая орчим хүүхдийн олонх нь цахим дагагчидтайгаа салах ёс гүйцэтгэсэн зурвасуудыг нийтэлж эхэлсэн байна. “Нийгмийн сүлжээ байхгүй боллоо. Дэлхий дахинтай холбоо барих боломжгүй болж байна” гэж нэгэн өсвөр насны хүүхэд “TikTok” хуудсандаа бичжээ. “16 нас хүрээнд эргэн уулзъя” гэж өөр нэгэн хүүхэд хэлсэн байна.

Энэхүү хууль хэрэгжсэнээр аливаа улс орон хүүхдүүдийг өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болсон платформуудыг ашиглахыг зогсоож чадах эсэх талаар сүүлийн нэг жилийн турш үргэлжилсэн маргаанд цэг тавьж, нийгмийн сүлжээний компаниуд хүүхдүүдэд учрах хор хөнөөлийг бууруулах тал дээр удаашралтай ажиллаж байгаад бухимдаж буй засгийн газруудын хувьд бодит туршилтыг эхлүүлж байна.

Э.Альбанезегийн Засгийн газар өсвөр насныхан нийгмийн сүлжээнүүдийг хэт их ашиглах нь сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгааг харуулсан судалгааг эш татан энэхүү түүхэн хуулийг боловсруулсан юм. Одоогоор Дани, Шинэ Зеланд, Малайз зэрэг хэд хэдэн улс Австралийн загварыг судлах эсвэл жишээ авч хэрэгжүүлж магадгүй гэдгээ мэдэгдээд байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version