“102 дугаарт олон удаа дуудлага өгч, ачаалал нэмсэн” гэдэг шалтгаанаар ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал явуулжээ
Иргэн, ААН-үүд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн 102 дугаарт дуудлага өгдөг. Харин энэ нь бизнесийн үйл ажиллагаагаа таслан зогсоолгох шалтгаан болсон тохиолдол гарч байна.
Тухайлбал … нэртэй караокег “102 дугаарт олон удаа дуудлага өгч, ачаалал нэмсэн” гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар дүүргийн ЗДТГ руу цагдаагийн байгууллагаас бичиг явуулсан байна. Тухайн ААН-ийн хувьд гаднаа гэрэлтэй том хаягтай, тухайн орчимд явсан иргэн дуудлага өгөхдөө “… нэртэй караокены хажууд” гэгчлэн дуудлага өгдөг тохиолдол олон бөгөөд тухайн дуудлага бүр нь тэр байгууллага дээр бүртгэгддэгээс 102 дугаарт өгсөн дуудлагын тоо олон гардаг аж.
Дуудлага бүр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын төлөө байдаг. Гэтэл дуудлагыг цагдаагийнхан ийнхүү “ад үзэж” олон дуудлага өгсөн гэдэг шалтгаанаар тусгай зөвшөөрлийнх нь асуудлыг цуцлах хүртэл асуудал яригджээ.
Энэ мэтээр иргэн, ААН-үүд бизнес эрхлэх орчин хязгаарлагдаж, ажлын байраа хамгаалан үлдэхэд цагдаагийн дарамт, торгуул, тусгай зөвшөөрөлтэй нь “ярьдаг” байдал тээг болж байна.






