Өмнөговь аймагт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч сураггүй алга болсон хэрэг энэ сарын 25-нд гарсан.
Тухайн цэргийг бусдын мотоциклыг авч оргосон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч Хил хамгаалах ерөнхий газраас “цэрэг малын сууринд үүрэг гүйцэтгэж байхдаа ойролцоо бэлчиж байсан тэмээн сүргийг хураахаар мотоциклтой явсан бөгөөд тэр үеэс хойш холбоо тасарч, сураггүй болсон” гэх мэдээллийг өгч байгаа юм.
Одоогоор холбогдох байгууллагууд болон ар гэрийнхэн нь хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Мөн тухайн алба хаагч нь өмнө нь сахилга бат, хүмүүжлийн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, үүргээ сайн биелүүлдэг байсан тул оргосон гэхээс илүүтэй тал газар төөрсөн байж болзошгүй гэж үзэж байна.






