УИХ-аар өчигдөр /2026.06.19/ Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг байдал засрахгүй үргэлжилсээр байгааг УИХ-ын гишүүн Ө.Шижир хөндлөө.
Тэрбээр “2025 оны төсвийн урсгал зардалд хийсэн түүвэр судалгаагаар төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх 24 хороо, зөвлөл, ажлын албаны гүйцэтгэлийн зардалд 17.5 тэрбумыг зарцуулжээ. Татвар төлөгчдийн мөнгө салхинд хийссэн гэсэн үг.
Хоол унааны зардал 698.8 тэрбум төгрөг, 4367 гадаад томилолтод 74.3 тэрбум, 16206 сургалтад 61 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Ийм байдлаар төсвийн харөнгийг үрэн таран хийдэг байдал хэзээ болих юм бэ?. Яагаад аудитын дүгнэлтийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй байна вэ” гэдэг асуудлыг хөндлөө.
Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн “Нийтдээ 6792 аудитын тайланд баталгаажуулалт хийхэд 13400 гаруй зөрчил нэгтгэгдсэн, нийт дүнгээрээ 11.8 их наяд. Энэний 8.1 их наяд нь төрийн өмчит болон өмчийн оролцоотой компанид ногдож байгаа бол бусад зөрчил нь төсвийн ерөнхийлөн захирагч нарт ногдоно.
Улсын ерөнхий прокурортой хамтарч төрд учруулсан хохирлыг барагдуулахаар ажиллаж эхэлсэн. Тухайлбал, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол 7.2 тэрбум төгрөгийн зөрчил байгаа. Шүүхэд төрийг төлөөлөгчийн хувьд улсын прокурор манайтай хамтарч хөөцөлдөхөөр болж, хагас дээр нь шүүхэд нэхэмжлэл бичсэн. Манайхаас бичсэн төлбөрийн актыг гүйцэтгэх шугам дээр гарц гаргалгаа гаргаж өгсөн, заавал хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хамтарч ажиллах боломж байгаа тул зохицуулалтыг судалж байна. Хуулийн байгууллагад хандахад зарим хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан асуудал дээр гомдол гаргах бололцоог Улсын прокурорт гаргасан байгаа. Хэрэгжилт өмнөх жилээс илүү сайжирч байна, ирэх жил илүү үр дүнд хүрэх байх. Хууль эрх зүйн боломж бидэнд байна. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлээр албан тушаалаас чөлөөлөх болон хариуцлага хүлээлгэх хатуу заалтууд орсон учраас эрх зүйн хувьд боломж бүрдсэн, үр дүн гарна гэж тооцож байна” гэлээ.
