Нүүр хуудас Улс төр Дүнжингаравын дэлбэрэлтээр амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтээр амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Тусламжийн хэмжээг ар гэрийнхний хүсэлтээр нийтэд мэдээлэхгүй юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан дөрвөн иргэний ар гэрийнхэнтэй аравдугаар сарын 6-нд уулзаж, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдлээ. Тусламжийн хэмжээг ар гэрийнхний хүсэлтээр нийтэд мэдээлэхгүй юм.

Ерөнхий сайд уулзалтын үеэр “Энэ тусламж эрдэнэт хүний алтан амь, элэг бүтэн амьдралыг нөхөхгүй. Гэхдээ төр иргэнээ мартаж болохгүй. Монгол Улсын Засгийн газар гамшгийн үед ч, гамшгийн дараа ч иргэнээ ганцааранг нь үлдээхгүй. Бид энэ ослоос сургамж авч, дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэжээ.

2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн уулзварт гарсан дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь насаа алдаж, олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон юм.

Ерөнхий сайд хүн ам шигүү суурьшсан нийслэлийн дундуур аюултай ачаа тээвэрлэж байгаа нь эрсдэл дагуулж байгааг онцолж, одоогоор Улаанбаатар хотын дундуур 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэж байгааг дурджээ.

Аюултай ачааны тээврийг хотын төвөөс гаргах хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг барьж байна. Багахангайгаас Хөшигийн хөндий хүртэлх эхний 87.8 км төмөр замын үндсэн бүтээн байгуулалт дуусах шатандаа орсон бол Хөшигийн хөндийгөөс Эмээлт хүртэлх дараагийн хэсгийн ажил үргэлжилж байна.

Төмөр зам ашиглалтад орсноор шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн бодис зэрэг аюултай ачааг нийслэл дундуур нэвтрүүлэхгүйгээр Богд уулын урдуур тойруулан тээвэрлэх боломжтой болох юм.

 

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version