Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг анх удаа ипотекийн зээл авах болон түрээсийн орон сууцанд хамрагдахад тэргүүн ээлжид оруулах зохицуулалт тусгажээ.
Мөн эдгээр өрхийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргахаар санал болгосон байна. Энэ нь урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсэгт баталгаа гаргах зохицуулалт бөгөөд шууд мөнгөн тэтгэмж олгох тухай биш юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир төрөлт буурч байгаатай холбогдуулан олон хүүхэдтэй гэр бүлийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор уг саналыг боловсруулсныг тайлбарлажээ.
Харин УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нэг, хоёр хүүхэдтэй, орон сууцны зээл авах гэж олон жил хүлээж буй гэр бүлүүдийн боломж хязгаарлагдаж болзошгүйг анхааруулсан байна.
Хуулийн төслийг УИХ-ын 10 дугаар сарын 9-ний чуулганаар хэлэлцсэн ч ирц хүрээгүй тул санал хураалтыг хойшлуулжээ. Иймээс дээрх зохицуулалт одоогоор батлагдаагүй, хуулийн төслийн шатанд байна.
