Номин эмээ өвөөтэйгөө жижигхэн дөрвөн ханатай гэрт амьдардаг байв. Хавар болохоор Номингын өвөө шиг хэрэгтэй хүн тэр суманд байхгүй болно. Бараг сумын бүх айл түүнийг зорин ирж урилга заллага айлтгах. “Өвөө минь манай тэр ингэ ботгоо голоод хазаж хайраад ойртуулахаа байлаа. Ямар гээчийн араатан шиг авиртай мал вэ. Муу ботгоо идчихээс нь өмнө та нэг очоодхооч” гэнэ. Тэдний яриаг сонсоод өвөө нь цаараглах ч үгүй. Хуучин мотоциклоо асаагаад л хөдөлнө.
Номингын өвөө хачин сайхан ингэ хөөсөлдөг хүн. Ботгоо голсон ингэний хажууд суугаад “Хөөс… Хөөс… Хөөс…” хэмээн намуухан, цээжний гүнээс уянгалуулах. Номин зургаан настайгаасаа эхлэн өвөөгөө дагаж, айл айлаар хэсэн ингэ хөөсөлж явдаг болов. Өвөөгийнхөө ингэ хөөслөхийг сонсон нүдэндээ нулимс мэлтэгнүүлэн амандаа аяархан дуугаар даган хөөслөнө.
Нэгдүгээр сард өвөө нь унтаж байгаад тайван гэгч нь насан эцэслэжээ. Охин өвөөгийнхөө оршуулгын ёслолоос хойш дуугаа хураачихлаа. Сургууль дээрээ ч, гэртээ ч тэр. Өвөөгийнх нь эзгүйрсэн гэрийн хананд морин хуур нь өлгөөтэй хэвээр үлдсэн ч хэн ч түүнд хүрсэнгүй.
Дөрөвдүгээр сарын эхээр тэдний “Саарал” хэмээх залуу ингэ анх удаагаа ботголов. Хаврын зэврүүн өдөр нүүр нүдгүй шуурах шороон шуурга дунд залуухан ингэ удаан тарчилсны эцэст нэг юм ботголов. Номингийн аав ботгыг урд хоёр хөлнөөс нь татан дэм өгч байж арай гэж нэг юм хоёр яс салжээ. Цайвар хүрэн зүстэй, чүүчигнэсэн урт хөлтэй эр ботго байлаа. Төрснөөсөө хойш цагийн дотор л хөл дээрээ тэнцчихэв. Аргагүй л эр сүвтэй юм гэсэн дээ хөөрхөн шийр зааж байна. Тэнцсэн ботго хоол хайн чүүчигнэн гуйвсаар ээж рүүгээ дөхөв. Гэтэл Саарал түүнийг өшиглөөд унагаачихлаа. Ботго дахин ойртсон ч залуухан ингэ хажиглан өшиглөж, бүр зугтах маягтай холдов.
Анх удаа ботголж байгаа залуу ингэнд, ялангуяа урт удаан өвдөлтийн дараа ийм зүйл тохиолддогыг Номингийн аав мэднэ. Тэд малчин хүний хийдэг бүхий л арга чаргыг хэрэглэж үзэв. Номингийн аав Сааралыг барьж, ээж нь саагаад ботгонд ямартай ч гал уургыг нь амсуулаадахлаа. Ингээд хөөрхий нялх ботгыг хөхөж чадахаар болгон Сааралын хөлийг тушив. Ботгоны нуруунд эхийнх нь сүүг түрхэж, эхийнх нь үнэр шингээхийг хичээлээ. Гэвч ингэ зогсоох зайгүй гунганан, ботгоо хажиглан ойртуулсангүй. Хоёр дахь өдөр боллоо, байдал дээрдсэнгүй.
Сумын малын эмч ирж үзсэн боловч ингэнээс ямар ч өвчин эмгэг олсонгүй. Бие нь огт зүгээр. Ингэ ботголсноос хойш гурав дахь өдрийн өглөө айлын эмгэн ирж хөөслөсөн боловч нэмэр болсонгүй. Эхдээ гологдсон ботго өдөр ирэх тусам муудаж, сульдсаар байлаа. Ямааны сүүтэй угж түүнийг арай гэж л амьтай байлгаж байв. “Саарал” зүгээр нэг байдаг л ингэ биш байв. Зургаан жилийн өмнө, түүнийг төрдөг яг тэр шөнө эх ингэ нь энджээ. Номингын өвөө түүнийг гэртээ, пийшингийнхээ хажууд угжаар хөхүүлэн өсгөсөн юм. Тэгэхэд найман настай байсан бяцхан охин сургуульдаа явахаасаа өмнө өглөө бүр ботгоо угждаг байлаа. Тэр долоо хоногийн турш Номин суулгатай ус бариад хажуугаар нь өнгөрөх бүрд Саарал гунганахаа болино. Тэгээд урт хүзүүгээ сунган Номинг алга болох хүртэл араас нь ширтдэг байв.
Дөрөв дэх өдрийн орой, оройн хоолны дараа Номингийн эмээ цайгаа тавиад охин руу харав. “Саарал ингэ чинь үнэхээр сайн аргадан хөөслөх хүн хүлээгээгүй байна. Тэр зүгээр л өөрийнх нь сайн мэдэх тэр л дуу хоолойг хүлээж байна” гэж хэлэв. Номин юу ч хэлсэнгүй. Гэрээс гарч алхав. Түүний 10 настай дүү Тэмүүлэн даган гарч, эмээдээ үзүүлэхээр утасныхаа камераар чимээгүйхэн бичиж эхлэв. Номин өвөөгийнхөө эзгүй гэр рүү орлоо. Буцаж гарахдаа тэрээр өвөөгийнхөө морин хуурыг барьчихсан гарч ирэв.
Тэр хуураа тоглосонгүй. Өвөөгийнх нь үргэлж хийдэг байснаар хуурыг сураар нь Сааралын урд бөхөнд өлгөж, салхи түүний хөвчийг имрэн хөндөхөөр тохируулав. Тэгээд нэг гараа Сааралын хүзүүн дээр тавьж “Хөөс… Хөөс… Хөөс…”
Номин хөөслөхдөө хоолой нь чичирхийлж байв. Саарал хавьчигнан гунганахаа больж түүний толгой дээгүүр алсыг ширтэн бодлогшрох мэт харна. Номин үргэлжлүүлэн хөөсөлсөөр байв. Өвөөгийнх нь зааж өгсөн яг л тэр намуухан хөгөөр мөрүүдийг бадаг бадгаар нь аялан, ингэний хүзүүг дахилтынх нь хэмнэлээр илэн таална. Саарал толгойгоо буулгаж, хошуугаа Номингийн мөрөнд наан цээжнийхээ гүнээс санаа алдах мэт уртаас урт, намуухан чимээ гаргана. Тэднийг харж зогссон Номингийн аав ойртон ирж ботгоны тушааг тайлав.
Ботго элсэн дээгүүр гуйван алхсаар ирээд эхийнхээ хөхөнд хошуугаа наан нудчин хөхөж эхлэв. Саарал огт хөдлөлгүй чимээгүй зогсон, ботгоо хөхүүлнэ. Номин Сааралын нүүрэн дээр тогтсон тоосон дундуур зурайх чийгтэй мөрийг харав. Ботго хөхөж дуусах хүртэл охин хөөслөн аргадсаар л байв.
Аав нь гэрийн араар орж цааш харан хэсэг л чимээгүй зогсов. Эмээ нь хаалганы босгон дээр амаа даран, толгой сэгсрэн зогсож байлаа. Дүү Тэмүүлэнгийнх нь нусаа татах чимээ сонсогдоно. Тэр оройноос хойш Саарал ботгоо дахин хэзээ ч голоогүй юм. Малын эмч хоёр өдрийн дараа буцаж ирэв. Тэрээр ингэ хөөслөх нь ихэнхдээ тусаа өгдөг, хуучны малчид ч үүний нууцыг бүрэн тайлбарлаж чаддаггүй хэмээн ярилаа. Магадгүй тэр аялгуу хэмнэл эхийг тайвшруулдаг биз, эсвэл хоолой юу. Тэр үүнийг олон удаа харж байжээ.
Гэвч дөрвөн өдрийн турш өөр бусад бүх хүнийг ойртуулж өшиглөж байсан ингэнд энэ арга үйлчилхийг тэр хэзээ ч харж байсангүй. Долоон сард Номин зуны амралтаараа дахин гэртээ ирэв. Тэмүүлэн мотоциклоор автобусны буудал дээрээс түүнийг тосож авав. Гэр лүүгээ ойртон явахад нь томоо биетэй ботго шороо манарган тэшсээр ирж охины цээжинд толгойгоо наав. Саарал араас нь намуухан, тайван алхлан ирж байлаа. Тэр орой Номингийн эмээ олон сар сонсоогүй зүйлээ дахин сонсжээ. Харанхуй шөнө, тэмээнүүдийн дунд охин нь аяархан дуулж байлаа.
Саарал өөрийн амьдралдаа байсан ганц ээжийгээ алдаж, дөнгөж төрсөн үрээ ч алдах дөхсөн. Номин өөрт нь дуу зааж өгсөн ачит өвөөгөө алдсан. Хүйтэн хаврын нэгэн орой, энэхүү дуу тэднийг эргээд бие биетэй нь уулзуулж өгсөн юм.
