Нүүр хуудас Эрүүл мэнд СХД-т 11 дүгээр сарын 1-нд хүүхдийн эмнэлэг нээгдэнэ

СХД-т 11 дүгээр сарын 1-нд хүүхдийн эмнэлэг нээгдэнэ

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах хуучин Элэг судлалын төвийг хүүхдийн эмнэлэг болгон шинэчилж, 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Тус барилгыг 2008 оноос менежментийн гэрээгээр ажиллуулж байсан бөгөөд өнгөрсөн онд нийслэлийн өмчид буцаан авсан байна. Одоо Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор засварлаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн 135 ортой ч томуугийн дэгдэлтийн оргил үед орны тоог 400 хүртэл нэмэгдүүлдэг. Гэсэн ч ачаалал ихсэж, зарим хүүхдийг коридорт хэвтүүлэн эмчлэх нөхцөл үүсдэг байна.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва засварын явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэн товлосон хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ. Мөн эмнэлгийн хүлээн авах хэсгийг өргөтгөж, цахилгаан шат нэмж суурилуулахаар болсон байна.

Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг 24 цагаар үзүүлэхээс гадна Баянгол дүүргийн 5, 7, 30 дугаар хорооны хүүхдүүдэд үйлчлэх юм.

Харин өмнө нь Элэг судлалын төвийн хяналтад байсан өвчтөнүүдийн тусламж, үйлчилгээг тасалдуулахгүй байхаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version