Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч, иргэдийн амь нас, мал сүрэгт аюул учруулах тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан 10 аймаг, нийслэлд нийт 27 баавгайг холбогдох байгууллага, цагдаагийн хяналтад аюулгүй болгосон байна.
10 дугаар сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нэг хоногийн дотор баавгайтай холбоотой 22 дуудлага бүртгэгдсэний тав нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт иржээ. Харин байгаль орчны зөрчил, мэдээлэл хүлээн авах 117 тусгай дугаарт 10 дугаар сарын 8–15-нд нийт 431 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир орон нутгийн удирдлага, онцгой байдал, цагдаа болон холбогдох байгууллагуудтай шуурхай цахим хурал хийж, үүрэг чиглэл өгчээ.
Тухайлбал, баавгай давтан орж ирж буй эрсдэлтэй бүсүүдэд мэргэжлийн шуурхай баг байгуулж, шаардлагатай тохиолдолд амьтныг үргээх, барих, шилжүүлэн нутагшуулах арга хэмжээ авахаар болсон байна. Харин хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр агнах арга хэмжээ авах зохицуулалтыг тусгажээ.
Мөн иргэдийг баавгайд дур мэдэн тэжээл өгөхгүй байх, хүнсний үлдэгдэл, сэг зэм, хог хаягдлыг ил задгай орхихгүй байхыг анхааруулсан байна.
Цаашид хүн, зэрлэг амьтны хооронд үүсэж буй зөрчлийг зохицуулах зорилгоор Амьтны тухай болон холбогдох бусад дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байгаа аж.
Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд иргэд 117 дугаарт мэдээлэх боломжтой.
