Японд баавгай хүн рүү халдах, суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Акита мужийн их сургуулийн судлаачид баавгай үргээх хиймэл оюун ухаант робот нохой бүтээжээ.
“Хаччан” нэртэй уг роботыг Японы Акита үүлдрийн нохойноос санаа авч бүтээсэн бөгөөд дөрвөн хөлөөрөө хөдөлж, хэт улаан туяаны мэдрэгч болон хиймэл оюун ухаант камераар баавгайг илрүүлдэг. Баавгай ойртсон тохиолдолд робот чанга яригчаараа архирах дуу гаргаж, үргээх зориулалттай.
Судлаачид цаашид робот нохдыг ой, суурьшлын бүсийн заагаар эргүүл хийлгэж, баавгай илэрсэн үед бусад роботоо дуудан хамтран үргээх систем хөгжүүлэхээр ажиллаж байна. Мөн ойр орчмын оршин суугчдад аюулын дохио илгээх боломжийг судалж байгаа аж.
Японы Байгаль орчны яамны мэдээлснээр 2025 оны санхүүгийн жилд баавгай үзэгдсэн 50,801 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны 20,513 тохиолдлоос 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн баавгайн 216 удаагийн халдлагад 238 хүн өртөж, 13 хүн амиа алдсан байна.
Ялангуяа робот нохойг бүтээж буй Акита мужид нөхцөл байдал ноцтой байгаа юм. Тус мужид 2024 онд баавгай үзэгдсэн 1,340 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 онд 13,592 болж, арав дахин нэмэгджээ. Энэ нь Японы мужуудаас хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Баавгай суурьшлын бүсэд олноор үзэгдэх болсон шалтгааныг мэргэжилтнүүд ойн бүс дэх идэш тэжээлийн хомсдол, хөдөө орон нутгийн хүн амын бууралт, орхигдсон тариалангийн талбай нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
Акита мужийн их сургуулийн зургаан судлаачаас бүрдсэн баг робот нохойгоо 2026 оны эцэс гэхэд бодит орчинд туршихаар төлөвлөжээ.
Судалгааны багийн төлөөлөгч Масаюки Ёшидагийн хэлснээр төслийн гол зорилго нь анчдын сургасан Акита ноходтой адил баавгайг гэмтээлгүйгээр уул, ойн бүс рүү нь буцаах явдал юм.
Одоогоор роботын баавгай үргээх үр нөлөөг бодит нөхцөлд баталгаажуулаагүй бөгөөд туршилтын үр дүнгээс цаашдын хэрэглээ нь шалтгаалах юм.





