Дэлхийн томоохон криптовалютын бирж Binance-аас 6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө хулгайлсан хэрэгт БНАСАУ-ын хакеруудыг буруутгасныг Пёньян эрс няцаажээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) уг халдлагыг “TraderTraitor” хакерын бүлэг үйлдсэн хэмээн мэдэгдсэн байна. Тус хакерын бүлгийг БНАСАУ-ын төртэй холбоотой гэж үздэг байна.
Үүний хариуд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон АНУ-ын буруутгалыг “улс төрийн ноцтой өдөөн хатгалга” хэмээн нэрлэжээ. Тэрбээр Вашингтоны мэдэгдлийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Криптовалютын аюулгүй байдлын судалгааны TRM Labs компанийн мэдээлснээр халдагчид хулгайлсан хөрөнгийн ихэнхийг ердөө 20 минутын дотор өөр дансууд руу шилжүүлжээ.
Хэрэв халдлагын хэмжээ батлагдвал энэ нь криптовалютын түүхэн дэх хамгийн том хулгайн хэрэг болно. Өмнө нь 2025 онд Bybit биржээс 1.5 тэрбум орчим ам.доллар хулгайлагдсан хэрэгт мөн БНАСАУ-ын хакеруудыг буруутгаж байв.
Халдлагын дараа Binance зарим үйлчилгээгээ хязгаарласан ч 11 дүгээр сарын 3-наас Ethereum, Solana, XRP зэрэг сүлжээгээр хөрөнгө татах үйлчилгээг үе шаттай сэргээхээр мэдэгджээ. Мөн алдагдсан хөрөнгийн ихэнхийг өөрийн эх үүсвэрээс нөхсөн гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: Deutsche Welle, Reuters, dpa.
